Эх хэлнийхээ түүхийг сөхөж үзэхнээ бид чинь албан байгууллагын хаяг, зар сурталчилгааг кирил болгон журамлах асуудлаар олон жил хэлэлцсээр иржээ. Тодорхой стандарт тогтооно гэж хүртэл ярьж л байсан байх юм. Гэтэл өнөөдөр ч гэсэн энэ асуудал мөн л яригдсаар, шийдэгдсэн зүйлгүй байсаар л байгаа нь мөн хачирхалтай яа.

Бид хэдэн жил иймэрхүү далан худалчийн үлгэр ярих гэсэн юм болоо гэсэн бодол толгойд гэнэт зурсхийн ороод ирлээ. Хамгийн сайн үлгэрчийг тодруулна гэвэл тэр номинацид өрсөлдөх хүмүүс ямар их байгаа бол бас л сонин. Дээд албан тушаалтнуудын яриад байгааг сонсохоор байгууллага бүрийн хаяг, зар сурталчилгаа бүгд кирил болчихсон ч юм шиг. Тэгээд олзуурхсандаа гадуур яваад үзэхээр ор мөргүй худал үг ч юм шиг.

Инээдтэй гэх үү, эсвэл ээдрээтэй гэх үү. Яасан нь мэдэгдэхгүй, юу болоод байгаа нь ойлгогдохгүй тодорхой бус бөөрөнхий зүйл гэж энэ л байх даа. Ямартай ч би гэдэг хүн эргэлзэж найдаад аль эсвэл “ээдээ энэ төр үү” гэж халаглаж суухын оронд энэ бүхнийг бага ч гэсэн тодорхой болгохын төлөө зориг шулуудсан нь энэ.

Уг нь бол байгууллагын хаяг, зар сурталчилгааны тухай хууль байхгүй биш байх юм. Бүр байх байхдаа хэд хэдэн хууль байна шүү.

1. “Төрийн албан ёсны хэлний тухай” /2003/ хуулийн 5.7 дугаар заалтад:

“Хот, суурин газрын гудамж, талбайн нэр, хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичнэ. Эдгээр нэрийг англи хэлээр давхар бичиж болно”

/Ийм нэгэн тодорхойгүй заалт байх юм. Хэрвээ англиар бичиж болох юм бол ямар хэмжээтэй, хэрхэн бичих талаар тусгаж өгсөн бол илүү тодорхой болох байж/

2. “Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай засгийн газрын 37 дугаар тогтоол”-ын /2013/ заалт 5-д:

"Хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол кирил бичгээр бичиж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай". 

/Кирилээр бичье гэсэн ч гадаад хэлнээс оноосон нэрийг авч орчуулах, галиглах тогтсон дүрэм, журам алга. Мөн брэнд нэртэй газруудыг бодолцож үзүүштэй/ 

Эдгээр хуулийн заалтууд хэрэгжсэн эсэхэд хяналт тавих тун хялбар. Та ердөө л гараад аль нэгэн гудамжаар алхаад үз. Яагаад дээрх хууль хэрэгжихгүй байна вэ???

Энэхүү асуултын хариуг олох үүднээс хүмүүст үндсэн 2 асуултыг хөндөн тавьсан юм.

1. Байгууллагын хаяг, зар сурталчилгааг кирилээр бичих тухай хууль сонсож байсан уу? Энэ асуултанд тийм гэж хариулах хүн олдсонгүй. Анхны удаагаа сонссон нь энэ бололтой.

2. Танай байгууллага хаяг, зар сурталчилгаагаа кирилээр бичих тал дээр ямар саналтай байна? Үүнд дийлэнх нь “тийм шаардлага тавиад ирвэл тэгдэг л байх даа, өөр яахав дээ” гэсэн арга ядсан хариуг өгч байсан юм. Мөн үүнээс гадна брэнд нэртэй компаниуд болон томоохон албан газрууд зардал мөнгө их гарна, тэгээд ч үйлчлүүлэгчдэд энэ нэрээрээ танигдсан болохоор боломжгүй хэмээн хэлж байлаа.

“Broadway” сүлжээ рестораны маркетинг борлуулалтын менежер И.Гансүх

Мэдээж дэмжиж байна. Гэхдээ дотор нь ангилж ялгаж өгөх хэрэгтэй байх гэж бодож байна. Манай компанийн хувьд гадаадын алдартай театрын нэрээр нэрлэгдсэн олонд танигдсан брэнд гэдэг утгаараа өөрчлөх боломжгүй. Жишээ нь “sony” гэдэг нэрийг кирилээр “сони” гээд биччихвэл хүмүүст сонин харагдана шүү дээ. Түүнтэй адилхан “броадвэй” гээд бичлээ гэж бодоход нүдэнд нэг л эвгүй харагдана шүү дээ. Англиараа байх юм бол хүнд хүрэх талаасаа ч тэр брэнд гэсэн утгаараа хэн ч хараад ойлгомжтой. Гадаадын нэг жуулчин хүртэл монголд ирээд “broadway” энд байдаг юм байна гэж мэдэх жишээтэй.

Харин солонгос, японоор биччихсэн янз бүрийн газруудын нэрийг бол өөрчлөх хэрэгтэй байх. Тэр бол болох зүйл. Ийм маягаар ялгарлыг нь гаргаж зааглаж өгвөл болно. Нэг боломжтой юм бол англи монгол хоёулангаар нь биччихэж бас болох талтай. Гэхдээ харагдах байдал буюу өнгө үзэмж, дизайны талаас нь авч үзвэл манай компаний хувьд бол эв хавгүй харагдана л даа. “Broadway” гэж англиар биччихээд доор нь дахиад кирилээр “броадвэй” гээд биччихвэл сонин харагдана биз дээ. Нөгөө талаас гэрэлтүүлгээс эхлээд бүгдийг нь өөрчлөх учраас төсөв зардал, санхүүгийн хувьд ч тэр том том хаяг самбаруудыг өөрчлөхөд хүндрэлтэй. Дээрээс нь тэрийг чинь бас хүмүүс бэлтгэнэ хийнэ, тэнд хүн ажиллана. Тэгэхээр цалин хөлс гээд ерөнхийдөө төлөвлөгдөөгүй, тусгагдаагүй гэнэтийн зардал гарч ирнэ гэсэн үг л дээ.

Хуулиндаа брэнд нэртэй газруудын талаар онцлон зааж, гадаад хэлнээс галиглах дүрэм тогтоож өгөхгүй бол ингэж бичнэ гэсэн үг үү?, эсвэл...

Бодит байдал дээр ийм л байна. Жижигхэн төсөл төлөвлөгөө хүртэл судалгаатай, ул үндэстэйгээр хийгддэг байтал төрийн гол түлхүүр нь болох “хууль” гэдэг зүйл нь өөрөө зүгээр л хэдхэн минутанд биччихдэг цаас болоод хувирчихсан мэт сэтгэгдэл төрлөө. Яг л суурьгүй гэрэл шиг. Тийм гэрэл орчноо гэрэлтүүлэх нь битгий хэл тогтвортой байж чадахгүй шүү дээ. Тийм болохоор амьдралд нийцээгүй, бодит байдлаас хол зөрүүтэй иймэрхүү хууль тогтоомж бүрэн утгаараа хэрэгжиж асуудал үгүй болно гэдэг хэзээ ч биелшгүй мөрөөдөл.

Нэгэнт л гарчихсан юм хойно гээд хэрэгжүүлэх гэж зарим нь хүчээр үзнэ, бүр болохгүй болохоор нь хуулиа дагая, хуулийн дагуу ажиллаж байна хэмээн егөөдөж хуулиа дагахгүй бол “торгоно, буулгана, албадана, хуулж орхино шүү” гэсэн хэдэн үгээр дарамтлан нөгөө хэдийгээ ацан шалаанд оруулдаг эмгэнэлтэй бөгөөд хошигнолтой дүр зураг эцсийн дүндээ бий болчихжээ.

Тодруулга хийхэд нэг иймэрхүү. Тэгэхээр одоо яавал дээр вэ? Энэ асуудлыг хэн, хэрхэн, хэзээ шийдэх вэ?

 

Тодруулагч: Б.Батцэцэг