“Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын “Чалко” компанид төлөх 350 сая ам.долларын төлбөрөө бүрэн төлж барагдуулсантай холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Д.Ариунболд хурлын эхэнд мэдээлэл өгсөн.

Түүний тайлбарлаж буйгаар Монгол Улсын Засгийн газар 2011 онд зээл авснаас хойш зургаан жилийн дараа 350 сая ам.долларын зээлийг нүүрсээр төлж барагдуулсан байна. Үүнээс үндсэн төлбөрийн 30 хувь буюу 110 сая ам.долларыг сүүлийн долоон сарын дотор төлжээ. Мөн “TTJVCo” компанид төлөх ёстой 64 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдууллаа. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компани Хүний хөгжлийн санд төвлөрүүлсэн “Эх орны хишиг” хэлбэрээр тараасан 200 сая ам.доллар, түүний хүү 39 сая ам.доллар, нийт 239 сая ам.доллараас өөр өр төлбөр байхгүй гэв. “Чалко”-д нийлүүлэх нүүрсний үнэ 2016 оны гуравдугаар улиралд 27 ам.доллар байсныг үе шаттайгаар нэмэгдүүлсээр 71 ам.доллар болгосон. Энэ нь өр барагдуулж дуусахад чухал нөлөө үзүүлсэн байна.
Түүнчлэн Баруун Цанхийн олборлолт дээр “Хишиг арвин”, МНО зэрэг дан Монголын компаниуд ажиллах бөгөөд цаашдаа “Эрдэнэс Тавантолгой” компаниас гарах 200 тэрбум төгрөг Монголдоо үлдэх боломж бий болжээ.
Тус компани энэ оны эхний улирлын байдлаар 2.8 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая тонныг экспортолсон байна. Он дуустал энэ байдлаар ажиллахад 9 орчим сая тонн нүүрс олборлож, 560 сая ам.долларын борлуулалт хийх төсөөлөл байгаа аж. Тиймээс энэ ондоо багтаж 239 сая ам.доллараа төлөн өр төлбөргүй болох, улмаар улсын төсөвт мөнгө хуваарилахаас гадна 1072 хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа гэнэ.
“Чалко”-той хийсэн гэрээнд өр тэглэгдсэний дараа Зүүн Цанхиас гарах нүүрсний 80 хувийг тус компанид нийлүүлэх ёстой гэсэн заалт бий. “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд энэ хувь хэмжээг өөрчлөхөөр санал хүргүүлээд байгаа ажээ.

Тэрбээр хэвлэлийн хурлын төгсгөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК Чалкод төлөх өрөө барагдуулж дууссан энэ өдөр Монголын төр болоод хувьцаа эзэмшигч монгол хүн бүрийн хувьд баярын өдөр” гэдгийг тодотгон хэлэв. Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэ онд бусад өр төлбөрөө барагдуулж дуусна гэсэн. Ямар өр байгаа талаар танилцуулж болох уу?

-Хүний хөгжил санд төвлөрсөн 239 сая ам.долларын өрийг манай компани төлөх ёстой. Энэ бол иргэдэд “Эх орны хишиг” нэрээр тараасан 21000 төгрөгийн өр. Энэ ондоо багтаагаад өр төлбөрөө барагдуулна. Түүний дараа гадаадын зах зээлээс хөрөнгө босгох боломж бүрдэнэ.

-“Чалько” компанийн өрийг дарсан учраас одоо нүүрсээ зэх зээлийн үнээр худалдаалах боломжтой юу?

-Зүүн Цанхийн нүүрсийг бид зах зээлийн үнээр борлуулах боломж үүссэн. Гэхдээ “Чалько” компанитай хийсэн гэрээний дагуу таван жил тус компанид Зүүн Цанхийн нүүрсний 80 хувийг нийлүүлнэ. Энэ бол бүр өмнө нь хийгдсэн гэрээ. Гэрээнд өөрчлөлт оруулж зохицуулалт хийх эрх бидэнд бий. Үүний дагуу саналаа тавиад хэлэлцээ хийж байна. Хэлэлцээ маань жаахан асуудалтай байгаа. Ер нь Зүүн Цанхийн нүүрсийг Баруун Цанхийн нүүрстэй ижил үнээр борлуулна гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл, төрийн өмчит хоёр компани урт хугацаатай гэрээ хийчихсэн учраас түүнийгээ мөрдөхгүй байж болохгүй байна. Зүүн Цанхийн нүүрсний 20 хувийг нь л өөрсдөө борлуулна.

-1072 ширхэг хувьцааг “амь оруулна” гэсэн. Хэзээ “амьлуулах” боломжтой вэ?

-Ерөнхий сайдтай уулзахад энэ ондоо өр төлбөрөө барагдуулж дуусахаас гадна хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгохын төлөө ажиллана гэсэн. Тиймээс энэ жил ногдол ашиг өгөх магадлалтай.