Оффшор бүсэд мөнгөө хадгалсан монголчуудын нэрс өнгөрсөн жил ил болж, олон хүний анхаарлыг татах болсон. Татвар төлдөггүй бүсэд таатай нөхцлөөр мөнгөө хадгалж байсан хүмүүсийн дунд хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Д.Батбаяр, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл гэх мэт олны танил хүмүүс байсан.

Харин тухайн үед Б.Чулуудай энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Оффшорт бүртгэлтэй компани данс ч үгүй, мөнгө ч үгүй" хэмээсэн байдаг. Харин Хотын дарга асан Э.Бат-Үүл хүүгийнхээ оффшор дансны талаар "Чулуудайн оффшор дансаар гүйлгээ хийгдсэн байвал огцрох хүсэлтээ өөрөө гаргана" хэмээн ам гарч байсан удаатай. Харин энэ асуудал тэгэсхийгээд намжсан ч өнөөдөр Улсын баатарын хүү Б.Чулуудай олны анхаарал татах болсон Оффшорын асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. Тэгвэл өнгөрсөн жил сөхөгдөж байсан Б.Чулуудайн оффшорын асуудлыг эргэн сөхвөл,

 

 

Б.Чулуудай "Strategic Mines Inc" гэх уул, уурхайн компанийн хувьцаа эзэмшигчээр оффшор бүсэд данс нээлгэсэн байдаг

 

Тухайн үед Хотын даргын хүү Б.Чулуудайн нэр оффшорт бүртгэлтэй байсан нь иргэдэд олон талын хардлагыг төрүүлж байсан билээ. Тодруулбал, олон нийт түүнийг оффшор бүсэд компани байгуулах хэмжээний туршлагатай хүн мөн үү, ингэж ажиллахад эцгийнх нь зөвлөгөө, тусламж нөлөөлсөн юм биш биз. Цаашилбал оффшорт компани байгуулах хэмжээний хөрөнгийнх нь эх үүсвэр юу байвгэх мэтчилэнгээр хардаж байсан. Түүний хувьд "Strategic Mines Inc" гэх уул, уурхайн компанийн хувьцаа эзэмшигчээр оффшор бүсэд данс нээлгэсэн байдаг. Бүртгүүлсэн компани нь Хонконгийн хамгийн үнэтэй байрлалд оршдог “OCEAN CENTRE” оффисын наймдугаар давхарт байрлаж байсан гэдэг. Уг барилгад өрөө худалдаж авах, түрээслэхийн аль, аль нь хэт үнэтэйд тооцогдох бөгөөд дэлхийн хэмжээний баячууд л эндхийг зорьдог аж. Харин насаараа төрийн албанд ажилласан аавтай дөнгөж 30 гаруй настай залуу ийм үнэтэй оффис түрээсэлж, мөн оффшорд компани байгуулах их хэмжээний хөрөнгийг хаанаасаа гаргаад ирэв гэдэг нь хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж байв.

 

Оффшорт бүртгэлтэй "Strategic Mines Inc" компани үйл ажиллагаа явуулаагүй юу?

 

Шуугиан тариад буй уг мэдээлэлд Э.Чулуудай албан ёсны тайлбар өгөхдөө “Аавыг хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани шүү дээ. Үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хаагдчихсан. Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй.  Ерөөсөө данс нээгээгүй, дансгүй учраас мөнгө ч орж гараагүй” гэжээ.


Түүний хэлснээр бол
Э.Бат-Үүлийг хотын дарга болохоос өмнө буюу 2011 онд тус компанийг байгуулжээ. Нөгөөтэйгүүр огт данс, нээгээгүй, гүйлгээ хийгдээгүй, үйл ажиллагаа явуулаагүй компанийн нэр, хаяг одоог хүртэл оффшор бүсэд бүртгэлтэй байна гэдэг нь эргэлзээтэй байсан билээ. Харин энэ талаар өнөөдөр Б.Чулуудай юу гэж өгүүлэхийг бид эргэн мэдээлэх болно.

 

Б.Энхжин

www.24tsag.mn