Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Одоо С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг нууцын зэрэглэлд аваад 25 жил хав дарах гээд байна. 25 жилийн дараа дахиад сөхөхөд энэ хэрэгтэй холбоотой бүх хүмүүс бурхны оронд одсон байх учир энэ хэрэгт тун няхуур хандах хэрэгтэй” хэмээн хэлсэн. Мөн Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарт зориуд хэрэг үүрүүлж, Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлж байна гэсэн.

Хэрвээ Хууль зүйн сайдаар олон жил ажилласан, басхүү учир мэдэх хашир хуульчийн дээрх мэдэгдлийг үнэн гэж үзвэл, эрх мэдэлтнүүд С.Зоригийн хэргийг ямар ч хамаагүй аргаар нуун далдлах гээд байгаа нь илэрхий байна. 19 жил хав дарагдсан С.Зоригийн хэрэг хэзээ мөдгүй илрэх гээд энэ хэрэгтэй холбоотой хүмүүсийг ихэд сандаргаж байгаа гэх. Уг нь С.Зоригийн хэрэг шиг тодорхой, илрүүлэх боломжтой хэрэг байхгүй баймаар. Гэтэл эрх мэдэлтнүүд ямар нэг байдлаар хуулийнханд нөлөөлж, бүхэл бүтэн 19 жил хав дарлаа.

Эцэст нь, үйлийн үр хэзээ нэгэн цагт ирдгийн адилаар С.Зоригийн хэргийг даравч далдайж, булавч бултайсаар илрэх нь цаг хугацааны асуудал болов. Тиймээс эрх мэдлээсээ буух гэж буй, дахиж ийм эрх мэдэлтэй болохгүй зарим нэг хүмүүс хүчтэй байгаа дээрээ энэ хэргийг ямар ч хамаагүй аргаар дуусгаж, 25 жил дахиж сөхөхөөргүй болгох гээд байх шиг.

Монголын ард түмэн тэртээ тэргүй С.Зоригийн алуурчдыг 19 жил хүлээсэн. Дахиад яагааджил хүлээж болохгүй гэж. Үүнд яараад байх хэрэг байна уу. Бас захиалагчийг нь тодруулахгүйгээр энэ хэргийг ингэж хурдан хаах гээд байгаа нь ямар учиртай вэ. Үүний цаана ямар нэгэн шалтгаан байна гэж хардахад хүргэж байна. Яахав, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан тушаалаа хүлээлгэн өгөхөөсөө өмнө “журмын нөхөр”-ийнхөө хэргийг өөрийн гараар шийдэх гэсэн хүслийг нь ойлгож байна. Гэхдээ наймын найман жил цагдаа, хууль, шүүх, тагнуулын байгууллагыг гартаа атгаж байсан түүнд үүнээс өмнө шийдэх боломж байсан уу гэвэл байсан. Гэтэл урсгалаараа явсаар яг илрэх болонгуут гэнэт хөндлөнгөөс оролцож, илт нөлөөлж байгаа нь ямар учиртай юм бол.

С.Зоригийн хэргийг хоёрдогч /МАН/, гуравдагч /МАХН болон бусад намууд/ талуудыг оролцуулан, ард түмэнд нээлттэйгээр шийдвэл яасан юм. 1998 онд 36 настай С.Зориг амиа алдахад түүнийг өдий насны хүмүүс захиалан хөнөөлгөсөн гэж үзэж байсан. С.Зориг улстөрийн хүрээн дэх өөрийн үе тэнгийнхэнтэй “алуулсан” гэдэг бөгөөд тэдний амин хувийн ашиг сонирхлын замд саад болсноос амиа алдсан байдаг. Тэгвэл 1998 онд С.Зоригийг захиалсан, мөн энэ хэрэгтэй холбоотой 35-40 насны хүн өдгөө амьд сэрүүн байвал 55-60 настай байх бөгөөд дахиад 25 жилийн дараа гэхэд аль хэдийнээ талийгаач болсон байх нь ойлгомжтой. Үүнтэй холбогдуулан дээхнэ үед сонстож байсан нэгэн яриаг сөхвөл, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө юмдаг С.Зоригийн хэргийг 50 жилийн дараа илрүүлэх тухай яриа хальт сонсогдоод өнгөрч байв. Хэн нэгнийг шантаажлах гэв үү, урьд нь тээглэсэн хүнийг айлгах гэв үү, эсвэл захиалагчийг нь хамгаалж талийгаач болсных нь дараа илрүүлэх гэв бүү мэд, ямар ч байсан тийм явган яриа сонсогдоод өнгөрч байсныг одоо ч санадаг.

Товчхондоо, юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл нэгэнт л 19 жил хүлээчихсэн энэ хэргийг одоо ингэж юманд хөөгдөж байгаа юм шиг захиалагчийг нь тодруулахгүйгээр хурдан дуусгах хэрэг байна уу. Хэрвээ одоо ингээд дуусгавал С.Зоригийн хэргийг улсын нууц гээд 25 жил хав дарах гээд байна. Тиймээс дахиад жаахан л хүлээе. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөг. Тэр болтол захиалагч нь ч тодрох биз. Тийм саналтай байна. Шударга байцгаая.

Нинж