-Тус сургуулийн багш нарын нэр хүндэд хэвлэл мэдээллийн байгууллага халдсан нь үнэн бол тэд хэвлэлийн хурал хийхийн оронд хууль хяналтын байгууллагад асуудлыг шалгуулж нэр төрөө цэвэрлэж авах нь хамгийн энгийн арга-


Өнгөрсөн сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай бүрэн дунд сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид багш нар, сургуулийн захиргаандаа эсэргүүцэл зарлаж хичээл хаялт зарласан. Өөрөөр хэлбэл, тэд сургуулийнхаа багш нарын дохионы хэлний чадварыг a шаардаж бусдын адил чанартай боловсрол эзэмших, эх хэл дохионы хэлийг чадварлаг эзэмшсэн багш нараар хичээлээ заалгах хүсэлтээ сургуулийнхаа захиргаандаа удаа дараа тавьж, хүсэлтийг нь хүлээн аваагүйн улмаас жагсаал хийгээд зогсохгүй багш нартайгаа холбоотой таагүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Тодруулбал, нэгэн хэвлэлд тус сургуулийн багш нарыг сурагчдад бэлгийн дарамт учруулдаг тухай мэдээлэл гарч байсан. Тэгвэл энэ асуудлаар өчигдөр 29 дүгээр сургуулийн багш нар мэдээлэл хийж, дээрх зүйлийг ор үндэслэлгүй худал мэдээлэл хэмээн мэдэгдлээ.

Бид хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байна

Энэ талаар тус сургуулийн нийгмийн ажилтан П.Буянжаргал “Өнгөрсөн сарын 27-нд сурагчид багш нар дохионы хэлээр хичээл заахгүй байна гэсэн шаардлага ирүүлсэн. Үүний дагуу манай сурууль дээр боловсролын комиссоос шалгалт ирж ажилласан. Хариу нь хараахан гараагүй байгаа. Манай сургууль, дотуур байрны орчин бүрэн камержсан. Сургалтын үйл ажиллагаа кабинетын системээр явагддаг. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нар сургалтын үйл явцад байнга хяналт тавьж ажилладаг. Иймээс сургуулийн орчинд ийм бусармаг үйл явдал болоогүй, болох ч үндэс байхгүй. Бид хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байна. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан тогтооно” гэлээ.

Эрх зүйн чадамжгүй этгээдээс мэдээлэл аваад түүнийгээ орон даяар цацсан

Өмгөөлөгч Г.Батбаяр ""Гуравдугаар сарын 27 болон энэ сарын 1-нд Мэдээ.мн дээр гарсан бага насны хүүхдэд бэлгийн дарамт үзүүлдэг гэсэн мэдээлэл гарсан. Ийм асуудал тус сургууль дээр огт үүсээгүй. Эрх зүйн чадамжгүй этгээдээс мэдээлэл авч түүнийгээ орон даяар цацсан. Энэ нь эрүүгийн хуулийн 110,111 дүгээр зүйлд заагдсанаар хүнийг гүтгэх, доромжлох гэсэн зүйлд хамаарагдана. Иргэний шүүх болон цагдаад хандан асуудлыг шийдвэрлэнэ. Монгол Улс өнөөдөр хөгжлийн чадваргүй хүүхдээр шоу хийх дээрээ тулаагүй баймаар. Хүүхдүүд дохионы хэлний багштай болмоор байна гэсэн шаардлага ирүүлсэн. Тэгтэл тухайн сургуулийн үйл ажиллагаа цаашид явуулах боломжгүй мэт ярьж бичиж байгаа нь буруу" гэв.

Манай хүүхдүүдийн ярьсан зүйлийг зохиож хэлсэн тохиолдол гарсан

Дохионы хэлний багш М.Сарантуяа “Бид энэ хэргийг дүрс бичлэгтэйгээр нотлох хэрэгтэй гэж шаардаж байгаагийн учир бол 27-ны өдрийн жагсаал дээр манай хүүхдүүдийн яриаг буруу дохиж, хэлмэрчилж өгсөн асуудал байгаа. Өнөөдрийн байдлаар үнэхээр энэ хүүхдийн дүрсжүүлсэн бичлэгийг орчуулж чадах хүн хэд байгаа билээ гэдэг асуудал чухал. Боловсрлын яам ажлаа шалгасан. Дүгнэлтээ гаргаагүй байна. Ер нь хүүхдүүд хэнд хандах нь өөрсдийнх нь эрх. Гэхдээ бид бичлэгийг үзэхэд манай хүүхдүүдийн ярьсан зүйлийг зохиож хэлсэн тохиолдол гарсан. Мэдээ.мн сайтад ярилцлага өгсөн хүүхдийн ярианд өөр хэлмэрчийн санаа оноо орсон байх магадлалтай. Тиймээс бид дүрсжүүлсэн бичлэг шаардлагатай гэж үзэж байгаа юм" гэлээ.

Нэр хүндээ хамгаалсан багш нар

Ямартай ч багш нарын хийсэн энэхүү мэдээллээс харахад тэд өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж буйд ихэд эмзэглэж байгаа нь анзаарагдсан байх. Уг нь өнгөрсөн сарын 27-ны өдөр хүүхдүүд сургуулийнхаа удирдлага болон багш нартаа “Багш нар хичээлээ олигтой заахгүй, дохионы хэлээр биш амаар хичээлээ заадаг учраас ойлгодоггүй. Тиймээс бидний суралцах эрх зөрчигдөж байна. Мөн спортын янз бүрийн арга хэмжээнд хүүхдийг идэвхтэй оролцуулдаггүй, ялгавартай ханддаг төдийгүй багш нар хүнд суртал гаргаж, хүүхдүүдтэй хүндэтгэлтэй бус харьцдаг гэсэн юм. Түүгээр ч барахгүй Доржпүрэв багш хүүхдийн толгой руу номоор байнга цохиж, өшиглөж, үснээс нь зулгаадаг Иймд сурагчидтай хүндэтгэлтэй харилцах, дохионы хэл мэддэг багшаар хичээл заах, ялгаварлан гадуурхаж, хүчирхийлэх үйлдлээ зогсоохыг шаардаж байна” хэмээн сургуулийнхаа гадаа лоозон бариад жагсаж байсан юм. Гэтэл дээрх мэдээллийг хийсэн багш нар хүүхдүүдийнхээ энэхүү асуудалд анхаарлаа хандуулж арга хэмжээ аваагүй хэрнээ өөрсдийнх нь тухай мэдээлэл гарахад олноороо ирж ийнхүү хэвлэлийн хурал хийж сүрийг үзүүлж байгаа нь харамсалтай. Хэрвээ үнэхээр тус сургуулийн багш нарын нэр хүндэд хэвлэл мэдээллийн байгууллага халдсан нь үнэн бол тэд хэвлэлийн хурал хийхийн оронд хууль хяналтын байгууллагад асуудлыг шалгуулж нэр төрөө цэвэрлэж авах нь хамгийн энгийн арга. Ямартай ч тус сургуулийн хүүхдүүд хуулиар олгогдсон сурах эрхээ бүрэн эдэлж чадахгүй байхад багш нар өөрсдийгөө ээлж дараалан “бид буруугүй” хэмээн олон нийтийн өмнө хэлж суугаа нь үнэхээр өрөвдөлтэй.