2017 оны 4-р сарын 04-ний мягмар гарагт Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 321 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 240 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 13 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 7, мөргөлдсөн 2, онхолдсон 1 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 2 хүүхэд өртсөнийг шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тухайлбал:

1. СХД-ийн нутаг Хүй долоон худгийн замд T.Prius-20 маркийн Б жолоочтой автомашин замын хажуу руу онхолдож жолооч, зорчигч нарын 3 хүн гэмтсэн.

2. СБД-ийн нутаг ЗЦА-ны зүүн урд уулзварын хойд замд амины S.Swift маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч ээжтэйгээ хамт явж байсан 6 настай А-г мөргөж гэмтээсэн.

Сүүлийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байгаа тул Замын цагдаагийн албаны даргаас алба хаагчдад“Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг бууруулах зорилгоор гэнэтийн болон байнгын хяналт шалгалтыг тогтмол хийж гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах”-ыг үүрэг болгов. 2017 оны эхний 3 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн 17 хэрэг бүртгэгдсэн байна. Мөн улсын хэмжээнд эхний 3 сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 95 хүний алтан амь нас үгүй болсны цаана 150 орчим айл өрх хагацал үзэж, мөн тооны иргэд гэмт хэрэгтэн болж, зам тээврийн ослын улмаас 262 хүн гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөр эрхлэх чадвараа алдаж бусдын гар харан амьдрах нөхцөл байдалд хоцорч байгаа нь мөн тооны айл өрхийн амьжиргааны түвшинд нөлөөлөх муу үр дагаварыг дагуулж байна.

Иймд эрхэм жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн л бол өөрийн болон бусдын амь насыг хамгаалж жолооны ард суухаас татгалзах, мөн уусан найздаа жолоо барих боломж бүү олгож, найдвартай дуудлагын такси, жолооч дуудах зэрэг арга хэмжээ авахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.