Дэлхийн олон оронд нэр алдраа цуурайтуулж, эх орныхоо нэрийг бахархалтайгаар дуурсгаж яваа Монголын олон сайхан аавын хөвгүүд, ээжийн охидын нэг болох дуурийн дуучин У.Уранцэцэг билээ. Тэгвэл дуурийн эх орон Италид мэргэжлийн сургуулийг нь төгсөж, докторын зэрэг хамгаалсан, Монгол бүсгүй байдаг гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Итали оронд 17 жилийн турш дэлхийн алдартай тайзнаа уригдаж, шилдэг дуурийн гоцлоочоор ажиллаж яваа түүнийг Монголын нэрийг гаргаж яваа дэлхийн хэмжээний ганц дуучин гэж монголчдууд үнэлдэг.

Тэрбээр Монголын нэрийг дэлхийн тайзнаа дуурсгаж яваа цорын ганц дуучин. Ерээд оны сэтгэлд хоногшсон дуунуудын нэг “Өглөө”, “Хос вансэмбэрүү” гээд олон дууг дуулсан эгч дүү гурван Урнаагийн нэг бол тэр. Сурагч формоор гангаран, гитар барьсан эгч дүү гурвын дуулсан дуу бүр тухайн үед хит болж байлаа.  Эгч дүүсийн том нь МУГЖ, драмын театрын жүжигчин байсан "Хувьсал" продакшны жүжигчин У.Уранчимэг юм. Харин бага Урнааг дуучин А.Хаянхярваагийн эхнэр гэдгээр нь хүмүүс таньдаг.

Түүний ээж уртын дууг их сайхан дуулдаг хүн байжээ. У.Уранцэцэг СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг МУГЖ Найдалмаа багшийн удирдлаган дор төгссөн 4-р курсийн зуны амралтаараа жуулчдад орчуулагч хийж байхдаа Итали эмэгтэйтэй танилцаад Итали улстай анх холбогдож байжээ. Мэргэжил дээшлүүлэх курс төгссөний дараа  Милан хотын "Джузене Верди консерватур" гэх Италидаа нэг номерт тооцогддог консерватурт шалгалт өгч тэнцээд амжилттай төгсөн ахин сурч докторын зэрэг хамгаалсан аж. 

Тэрбээр нэгэн ярилцлагандаа "Би Италид амьдардаг нэртэй боловч чемодан чирээд л Европоор аялан тоглолт хийдэг" хэмээн ярьжээ.Палестин болон Францын ерөнхийлөгч нарын уулзалтанд зориулсан хүндэтгэлийн концертонд дуулсаны дараа Францын тэргүүн хатагтай Карла Бруни түүнтэй мэндлээд, “Үнэхээр хоолойг чинь биширлээ” гээд баяр хүргэж байсан гэдэг.

Түүнийг их ховор хоолойтой гэж мэргэжилтнүүд хэлдэг. Калортурний сапрон буюу алтан гургалдайн маш нарийхан хоолой гэж нэрлэгддэг байна. Дуучин бүсгүй маань Итали нөхөртэй.  Хоёр улсын иргэн гэрлэхэд заавал нэг иргэншилтэй байна гэж манай хуулинд зааж өгдөг учраас тэрээр Италийн иргэн болсон юм. Анхны харцаар дурласан, анхны хайртайгаа гэрлэжээ.  Түүний нөхрийг Андей Мария Коццоли гэдэг. ТЭЦ 3, ТЭЦ 4 дээр  ажиллаж байх үед нь У.Уранцэцэг  орчуулагчаар нь ажиллаж яваад нөхөртэйгээ анх танилцаж байсан түүхтэй.

Дуучин бүсгүй "өөрийгөө их хор шартай, аливаа ажлыг эхлүүлсэн бол заавал ард нь гардаг зантай" гэж тодорхойлсон удаатай. Энэ жил эх орондоо ирж дүү Урнаагийнхаа "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны дууг залуу дуучин Э.Агиймаа, Б.Маралжингоо нартай хамтран дуулсан юм.

Д.Ана