Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг нэр хүндэд нь халдсан хэргээр шүүхэд өгсөн. Энэхүү маргааныг шийдвэрлэхгүй байсаар жил шахамын хугацаа өнгөрч байгаа.

Энэхүү хэргийг өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд дэнслэх байсан ч хэлэлцсэнгүй. Учир нь Ц.Нямдорж шүүх бүрэлдэхүүнд хэргийг харъяаллын шүүхэд шилжүүлэх  хүсэлт гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээн авч, хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэхээр болжээ. Уг хэргийг дахин сануулахад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнгөрсөн 2012 оны гуравдугаар сарын 21-нд хэвлэлийн бага хурал, “Сайд ба сэтгүүлч” телевизийн ярилцлагад орохдоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэн байсан удаатай. Үүний дараахан Х.Баттулга гишүүн үүнийг гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу 2012 оны тавдугаар сарын 18-нд Хан-Уул дүүргийн шүүхэд гомдлыг нь хэлэлцээд, Х.Баттулгын нэр төрийг сэргээж, Ц.Нямдоржийг хэвлэл,мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгасан билээ. Харин Ц.Нямдорж гишүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан боловч Нийслэлийн шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Улсын Дээд шүүхэд энэ хэргийг өнгөрсөн аравдугаар сарын 2-нд хэлэлцээд, хэргийг анхан шатны шүүхэд буцааснаар хэргийг ийнхүү өчигдөр шийдвэрлэхээр болсон юм. Уг нь харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд энэ хэргийг хэлэлцэж шийдвэрлэж байгаа билээ. Гэвч Ц.Нямдорж гишүүн үүний хариуд “Харьяаллараа бол энэ хэрэг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэгдэх хэрэг биш. Би тэр үгийг Засгийн газрын ордонд хэлсэн. Тэгэхээр Х.Баттулга гишүүний хувьд Хан-Уул дүүргийн шүүх найдвартай байсан юм байлгүй” хэмээн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандаж байсан юм. Тэгсэн хэдий ч түүнийг Х.Баттулгаас уучлал гуйх шийдвэрийг хэвээр баталсан билээ.

Харин хариу гарсны дараагаар Ц.Нямдорж гишүүн “Хуулийн хувьд их хөгийн юм болоод байна. Нийслэлийн шүүхэд давж заалдахад гурван сонингоор дамжуулж уучлал гуй гэсэн. Х.Баттулгаас уучлал гуйлаа гээд надаас юм уначихгүй. Гэхдээ төрийн дампуурал, шүүхийн дампуурал, захиалгат шүүх харагдаж байна. 1997 оны үед М.Энхсайхан Ерөнхий сайд байхад би гүтгүүлсэн гээд 100 мянган төгрөгийн заргаа авч байсан түүхтэй. Ерөнхийдөө Монголын төр, шүүхийн систем дампуураад дууслаа. Тиймээс би Улсын дээд шүүхээр шийдүүлнэ” хэмээн тэрбээр Улсын дээд шүүхэд өргөдлөө хүргүүлэн шийдвэрлүүлэхээр болсон билээ. Тэгвэл энэ хэргийн маргаан дахин сунжирч Чингэлтэй дүүрэгт дуусах нь байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас уучлалт гуйхгүй байх сонирхолтой байгаа. Энэхүү сонихрлоо ч дээрх байдлаар хамгаалж чадлаа. Гэхдээ тэр уучлалт гуйх хугацаагаа хэр удаан сунгаж чадах бол гэдэг нь сонин байна.

 

Э.Баясгалан