Өөрсдийн шүтээндээ сүсэглэсэн буянаар лам нар хөлжиж буй нь өнөөгийн үнэн төрх. Гэхдээ уламсартай лам нар тэрхүү хөрөнгөө буяны үйлсэд зарцуулж, бүхэл бүтэн улсынхаа хүүхдийг хамгаалах сайн үйлс хийж болдог гэдгийг Ажиа гэгээн харуулсан.

АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээн Цусны хорт хавдрын өвчтэй хүүхдүүдэд зориулсан шинэ эмнэлэг барьж, ашиглалтад оруулсан нь өнөөдөр энэ өвчнөөр шаналж буй хүүхдүүдэд амьдрах итгэл хайрлаж байгаа.

 

 

2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өссөн судалгаа байдаг. Тиймээс өвчиндөө шаналах хүүхдүүдийг тухтай орчинд эмчлэх, сэтгэл санааны  дэм өгөхөөр Монголын эрүүл мэндийн салбарт асар том хөрөнгө оруулалт хийсэн Ажиа гэгээнд нийт монголчууд өнөөг хүртэл талархсаар яваа. Гэвч монголчууд баяжихаараа суварга босгодог, гаднынхан болохоор ядуучуудад мөнгөө өгдөг. Төвд ренбүүчи хүүхдийн эмнэлэг барьж өгдөг бол Монгол ренбүүчи үнэт эдлэлийн дэлгүүр нээдэг үзэгдэл энгийн мэт зүйл болжээ.

 

 

Олноо АПУ-гийн П.Батсайханыг алгаддаг лам хэмээн алдаршсан Зава Дамдин ренбүүчи буюу жинхэнэ нэр нь Осгонбаяр ламтан Монголын баячуудын багш гэдгээрээ алдартай. Өдгөө Дундговийн Дэлгэрийн хийдийг толгойлон суудаг түүнийг манай хамаг л баяд, ноёд шавилж, хувь заяа, хөрөнгө бэлээ даатгадаг гэдэг. Зава Дамдин гавжийн хойд дүрээр тодорч, Төвдөд олон жил чойрын номд нэвтэрсэн тэрээр магад олон жилийн даян бясалгал хийсэн орчин цагийн цор ганц ренбүүчи ч байж магад. Ном эрдэмтэйг нь илтгэх мэт шулуун шударга, түс тас яриатай, хэр баргийн лам нарт байдаггүй характертай ренбүүчи маань энэ удаад худалдааны бизнест ханцуй шамалсан гэнэ. Шангри-ла моллд бууриа зассан ZD эрдэнийн гоёлын дэлгүүр нээлтээ хийж, үйлчлүүлэгчдээ хүлээж авч эхэлжээ.

 

Хүннүгийн үеэс 8-р Богд хүртэлх түүхэн хэрэглээний соёлыг шингээсэн загвартай байгалийн үнэт чулуу, алт, алмаз, шүрээр хийсэн үнэт эдлэлүүдийг тэрбээр худалдаалж эхэлсэн байна.

 

 

www.24tsag.mn