Монгол Улсад “G-Time” сүлжээний үйл ажиллагааг зогсоосны дараа үүсээд байгаа нөхцөл байдлын талаар “G-Time” сүлжээний харилцагчид мэдээлэл хийлээ. Тэд энэхүү бизнесийг зогсоосноор ач тусыг нь хүртэж байсан иргэдийн амьдрал доройтож, сүйрч байна гэв.

Тэд, “Казакстаны онлайн худалдаа эрхлэгч компани болох “G-Time” нь маш олон хүний амьдралыг авч явж байсан. Бид 135 мянгаас 2 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгээд онлайн худалдаа эрхэлж байсан. Үүнийг төр засгаас хүчээр зогсоосноор монголын 12 мянга гаруй гишүүд хохирч байна. Төр засаг албан ёсоор бүртгэж авч үйл ажиллагааг нь эхлүүлчихээд яагаад ингэж зогсоож байгаа юм бэ. Маш олон хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа учраас ийм мэдээлэл хийж байна.

Бид гишүүнээр элссэнээрээ өөртөө болоод улсдаа хөрөнгө оруулалт хийсэн. Бид амьдралаа болгоод явж байсан. Гэтэл үүнийг зогсоосноор гэр бүлийнхэний маргаан дэгдэж, амиа хорлох ч асуудал гарч байна. Нийгмийн маш олон давхаргын хүмүүс хамрагдсан байдаг. Тиймээс энэ хүмүүс асуудал үүссэнээр маш их хохирч байна. Нийгэм эдгээр хүмүүсийг ажилгүй,тэнэг мангар хүмүүс орчихлоо гэж байна. Гэтэл хүмүүс энэхүү цэнхэр дэвтэрт итгэснээр элссэн. Улсад сар гаруйханы дотор нэг тэрбум төгрөгийн татварыг цагаан сарын өмнөхөн төлөгдсөн байдаг. 600 орчим айл өрх 8000 долларын шагнал авсан. Доод тал нь 1000 хүн 20 сая төгрөгийн шагнал авсан. Үүний цаана нь 3000-6000 иргэдийн амьдрал сайжирч байсан. Тиймээс энэ компаний үйл ажиллагааг сэргээж өгөөчээ хэмээн хүсч байна” гэв.