Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль хэдхэн сарын дараа эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор МАН, АН, МАХН гэсэн парламентад суудалтай улс төрийн намаас хэн нэр дэвших вэ? гэдэг асуулт улс төрийн хүрээнд үндсэндээ тодорхой болжээ.
 
 
АН-аас  Уул Уурхайн Сайд, УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг, Улсын Ерөнхий Прокурор, Шадар Сайд асан Д.Дорлигжав, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Ерөнхий Сайд асан Н.Алтанхуяг нар Ерөнхийлөгчийн өмнөх сунгаанд оролцохоо намынхаа удирдлагад илэрхийлсэн байна. Тэдэн дээр "Гацуурт" компаний Ерөнхий Захирал Л.Чинбат нэмэгдэх магадлал бий. Харин МАХН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэр дэвших туйлын хүсэлтэй байгаа бөгөөд сурталчилгаагаа ч хэдийн хийгээд эхэлсэн. Хэрэв тэрээр хуулийн дагуу нэр дэвших эрхээ олж авч чадахгүй бол МАН, АН-аас мөн л нэр дэвших эрхээ олж чадаагүй улс төрчдийн нэгэнтэй тохиролцож, намаасаа нэр дэвшүүлэх хувилбар байгаа аж. Харин УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонхи МАН-ын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэх нь тодорхой юм. Гэхдээ тус намын зарим гишүүдээс Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлэх нь зөв гэсэн саналыг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгаланд илэрхийлэх болжээ.
Өөрөөр хэлбэл МАН-ын бага хурлын үеэр УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөх бололтой. Ө.Энхтүвшин өмнө нь МАН-ын даргын төлөө Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө дархан аварга, Батлан Хамгаалахын Сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нартай нам дотроо өрсөлдөөд тус тус ялагдаж байсан юм.
 
Э.Мягмардорж
sonin.mn