УИХ-ын чуулган өчигдөр цаг сунган хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа. Мөн энэхүү хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын тухай хууль, 2018-2019 оны төсвийн төсөөлөл зэргийг ч эцсийн хэлэлцүүлгийг хийж хэлэлцэн баталсан юм.

Ингэснээр төсвийн зарлага 200 гаруй тэрбумаар нэмэгдэн батлагдаж байна. Мөн хүүхдийн мөнгийг 2019 онд үлдсэн 60 хувьд нь сар бүр олгох байсан асуудал өөрчлөгдөж зорилтот бүлгийн 40 хувь буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас оруулж ирсэн саналыг дагуу мөнгө олгох, улмаар үлдсэн айл өрхүүдэд огт өгөхгүй байхаар болжээ.

Мөн хадгаламжийн хүүнээс төр татвар авах, приус машины онцгой албан татвар 50 хувиар нэмэгдлээ. УИХ-аас төсвийн тодотголыг баталснаар Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт”-т хамрагдах бололцоо бүрдэж байгаа билээ. Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаан энэ сарын 15-нд товлогдсон бөгөөд эхний ээлжинд 440 сая ам.долларын зээл орж ирэх учиртай.  Үүнийг Монгол банкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглана гэдгээ Сангийн сайд мэдэгдсэн юм.

Мөн 5.5 тэрбум ам.долларын зээл авч ашиглах бололцоо нээгдэнэ. Энэхүү зээл нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон улс, БНСУ зэрэг хэд, хэдэн эх үүсвэрээс босно. Зээлийн хугацаа 30 жил байхаар тохирчээ.

Төсвийн тодотголын хүрээнд Засгийн газар ипотекийн зээлийн ачааллыг үүрэхээр болсон бөгөөд төсөвт 111 тэрбум төгрөг тусгаад буй. Тиймээс төсвийн тодотголын дараа энэ хөтөлбөр хэрэгжинэ гэх хүлээлт ч иргэдийн дунд байгаа юм. Өчигдөр шөнө дөл болтол хуралдсан эрхэм гишүүд өнөөдөр үдээс өмнө хуралдаан товлоогүй бөгөөд үдээс хойш харин гишүүний асуулгын хариуг сонсох ажээ.