-Иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч тэд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасахгүйгээр мөнгө авч байжээ- 

Одоогоос хоёр жилийн өмнө нас барсан хүний нэрээр улсын төсвөөс мөнгө хумсалсан нийгмийн даатгалын ажилтнуудыг амьд хүний санаанд ч багтамгүй жигшүүрт хэрэг үйлдсэн тухай мэдээлэл гарч олныг хиртхийлгэж байсан.

Тус хэргийг тухайн үед Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкнуудтай үгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан ноцтой, жигтэй хэргийг ил болгож прокурорын байгууллага руу шилжүүлж байсан ч уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шалтгаанаар хэргийг хааж байсан түүхтэй.

Хуульд зааснаар бол “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургаадугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байдаг аж. Өөрөөр хэлбэл, нас барсны хоёр дахь сараас нь тэтгэврийн санхүүжилт нь зогсох ёстой гэсэн үг. Гэтэл нийгмийн даатгалын холбогдох албан тушаалтнууд хууль зөрчин ийнхүү тэтгэвэр олгож байсан юм.

ТАЛИЙГААЧДЫГ БҮРТГЭЛИЙН СИСТЕМЭЭС ХАСАХГҮЙГЭЭР БАНКНУУДТАЙ ХУЙВАЛДСАН

Баримт болгон хэлэхэд 2015 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Цагдаагийн хошууч Б.Баатархүү олон нийтэд дараах мэдээллийг өгч байсан юм.

Тэрбээр "Ахмад настай, нас барсан иргэдийн нэр дээр их хэмжээний тэтгэврийн зээл авсан хэрэг гарсан. Тухайлбал, нас барсан хүмүүсийн бүртгэлийг нь бүртгэлийн системээс хасахгүйгээр банкнуудтай хуйвалдаж, тэтгэврийн зээл авч улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Энэхүү шалгалт маш өргөн хүрээнд явагдаж байна. Өөрөөр хэлбэл, бүх аймаг, нийслэл дүүрэг дээр шалгалтууд хийгдэж байгаа.

Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй учраас тоймтой зүйл хэлэх боломж алга байна. Юутай ч уг хэрэг дээр шинжээч томилогдон ажиллаж байгаа учраас удахгүй дүгнэлт нь гарна. Энэ асуудал дээр их хэмжээний мөнгөний асуудал яригдах байх” гэсэн тайлбарыг өгч байв. 

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ЯАГААД ЭНЭ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН БЭ?

Гэтэл өнгөрсөн оны наймдугаар сарын 18-ны өдөр дээрх хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосон талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман ийнхүү ярьж байсан юм.

Тэрбээр “Дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа.

Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. 

Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэж ярьж байсан юм. 

5000 ГАРУЙ ХҮНИЙ НЭРЭЭР ХЭДЭН ХҮН ТЭТГЭВЭР АВЧ БАЙСАН БЭ?

Ямартай ч тухайн үед талийгаачдын нэрээр мөнгө идсэн нийгмийн даатгалынхан хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүйгээр ажлаа хийгээд явж байсан ч энэ асуудлыг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр талийгаачдын мөнгийг хувьдаа завшсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг дахин хуулийн байгууллагаар шалгуулж хэн гэгч этгээд хэчнээн тэрбум төгрөг завшсан.

Хэргийг хэрэгсэхгүй болгосноор улс хэдэн тэрбум төгрөгөөр хохирсон бэ гэх зэрэг асуудлаар дахин хуулийн байгууллагад хандах болсон юм. Тэгвэл салбарын сайд нь нийгмийн даатгалын салбарт хоёр үе шаттай хяналт шалгалтыг хийхээр төлөвлөж одоогоор нэгдүгээр шатны шалгалтыг хийж дуусгахдаа дээрх асуудлыг баттай болохыг нь тогтоожээ. Тухайлбал, итгэмжлэлээр тэтгэвэр авдаг 15,000 иргэн байгааг нэг бүрчлэн шалгахад 30 хувь нь буюу 5,000 иргэний асуудал зөрчилтэй гарсан учир зогсоожээ.

Энэ нь нас барсан иргэдийн нэрийг барьсан, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн асуудалтай холбогдож байгаа аж. Тиймээс яаманд ажлын хэсэг гарган ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилтнууд, АТГ-тай хамтран хоёр дахь шатны хяналт шалгалтын ажлыг эхлүүлэхээр болсон байна.

Түүнчлэн эхний шатны шалгалтын үеэр 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрч үүний 840 сая төгрөгийн зөрчил нь хууль зөрчин тодорхой хүмүүсийн тэтгэврийг үндэслэлгүйгээр нэмсэнтэй холбоотой бол 200 гаруй сая төгрөгийн зөрчил нь иргэдийн тэтгэврийг байх ёстойгоос багаар тогтоосонтой холбоотой юм байна. Нийт нийгмийн даатгалын 136 байцаагчтай холбоотой зөрчил илрээд байгаа тухайг салбарын сайд нь дуулгаж байсан юм. 

ЯМАР ЯМАР АЛБАН ТУШААЛТНУУД ЭНЭ ХЭРЭГТ ХОЛБООТОЙ ВЭ?

Ямартай ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрийдлээр дээрх хэргийг хэрэгсэхгүй болгоод байсан бол энэ удаад хууль хяналтынхны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж хэргийг нэлээн өргөн цар хүрээтэй хугацаа шаардагдах ажил хэмээн албаны эх сурвалж онцлон хэлж байв. Тэрбээр " 2015 онд шалгагдаж байсан дээрх хэргийг дахин шалгахаар боллоо. Угтаа бол нийгмийн даатгалын ажилтнууд арилжааны банкныхантай үгсэн хуйвалдаж талийгаачдын өмнөөс 50,000 гаруй хүнд тэтгэвэр өгч байсныг илрүүлсэн гэсэн үг” хэмээлээ. Уг нь иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасахгүйгээр мөнгө авч байжээ. 

Тэгвэл энэ асуудлаар НДЕГ-ын дарга асан Д.Мэндбаяр УИХ-ын сонгуулийн өмнөхөн дараах тайлбарыг хэлж байв. Тэрбээр “Нийгмийн даатгалынхан хуулиа зөрчин тэр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн нь хоёр шалтгаантай болохыг холбогдох шат дараалсан зургаан удаагийн хяналт шалгалтын үр дүнд холбогдох байгууллагууд тогтоосон. Тухайлбал, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо сул байсан нь нэгдүгээр шалтгаан гэнэ.

Үүнээс болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцож байсан. Харин хоёрдугаар шалтгаан нь нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсантай холбоотой. Нас барсан гэх мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа авч байсан, энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө банкны данс руу шилжчихсэн байдаг. Ингээд нас барсан гэдгийг нь мэдээд данснаас нь мөнгөө эргүүлж татах үйлдэл хийсэн.

150-300 орчим хүний мөнгө нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжсэн гэх тооцоог шалгалтаар гаргасан. Нас барсан гэдгийг нь мэдээд энэ мөнгөний 90 хувийг харилцах данснаас буцаан татсан. Одоо 19 сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байна” гэх тайлбарыг өгч байсан юм.

Ямартай ч тухайн үед албан тушаал хашиж байсан эрх мэдэл бүхий дарга нар нь өөрсдийнхөө ажилчдыг мөнгө төгрөгтэй холбоотой гэдгийг нь баталсан ч энэ хэрэг яагаад прокурорын шатанд хэрэгсэхгүй болов гэдэг нь хачирхалтай. Тэгвэл тун удахгүй хоёр дахь шатны шалгалтаар талийгаачдын мөнгийг хувьдаа завшсан Нийгмийн даатгалын албан тушаалтнууд хэн байсан бэ гэдэг нь удахгүй ил болох бололтой.