Хонхны баяр аа гэж.  Энэ жилийнх нь  дөнгөж эхлээд л нэг хүний амь эрсдлээ. Амь үрэгдсэн бүсгүй бол Их засаг сургуулийн төгсөх ангийн оюутан байв.|Монголын үнэн сонин| Өнгөрсөн жил энэ баяраар бас л ийм явдал гарсан  юм.
 Сурагчид, оюутнууд шалгалт, шүүлэгтээ шамдан гүйцгээвч жилийн жилд золгүй явдал гардаг хонхны баяраа  энэ жил хэрхэн тэмдэглэх вэ. Энэ бол багачууд А үсгийн анхны мэдлэг олж, ах, эгч нар нь ерөнхий боловсролтой болж, төгсөх оюутнууд маань гар нь ганзагад хүрч, амьдралын замдаа дөрөөлж буй баярт үе юм. Дунд дээд сургууль төгсөн шинэхэн төрж буй сэхээтнүүд маань төгсөлтийн баяраа хэрхэн тэмдэглэж буй тухайд гэвэл "Тэд нар маань яагаад ийм зуршилтай болчихов оо" гэх асуулт яах ч аргагүй л гардаг юм.  Мэдээж энэ баяраа залуус өөрсдийнхөө таалал үзэмжээр тэмдэглэж баярлалгүй л яахав. Гэхдээ өнөөг хүртэл тэмдэглэж хэвшсэн байдал заавал хүний амь нас эрсдэх болоод бусад ул мөр нь сэтгэлд нэг л бууж өгдөггүй юм. Яагаад гэвэл идэж уух, өмсөх зүүхийн дээдээр өрсөлдөн, хэтэрхий үрэлгэн, эмх замбраагүй, олон хоног хавтгайран найрлах, эцэст нь хэрүүл маргаан гарч хүсэн хүлээсэн баяр эрүүл мэндээр хохирох, аливаа эрсдэл, хэв журамгүй байдалд шилждэг  ерөнхий дүр төрх нь нэг иймэрхүү.
 Иймээс үрэлгэн бус, цомхон, соёлтой тэмдэглэх нь зөв буйзаа. Энэ үйл бол түүхэн ой бус, бүх нийтийн баяр ч бус, энэ бол жирийн амьдрал дунд буй болж байдаг тэмдэглэлт үйл юм. Энд тэдний ар гэрийнхний санааг зовоох нэг асуудал бий. Энэ хорвоод хавханд тавьдаг өгөөшөөс өөр үнэгүй юм үгүй болохоор хонхны баяр ч мөн адил төлбөртөй. Тэр нь ямагт баяраасаа давж гардаг тул зардлаа хэрхэн бүрдүүлэх тухайд л  асуудал үүсдэг юм. Хувцас хунар, диплом, зураг, цайллага даллага, амралт, аялал зугаалга, хамтлаг, дуучид, хөтлөгч, үзвэр, баар цэнгээн, архи дарс.. гэх мэтээр тоочих юм бол бий.
Торгон дээл гэхэд л гурван зуун мянгаас доошгүй. Дуучид, хамтлагууд саяас өөр тоо мэдэхгүй, европ хувцас бол мөн л дөрөв таван зуун мянга, дээр нь үлдсэнийг нь нэмэхэд наад зах нь нэг сая таван зуун мянгаас доош буухгүй. Ард иргэдийн маань өрхийн орлого өнгөрсөн жилүүдээс  шалдаа буурсан ийм үед оюутны сургалтын сүүлчийн төлбөрөө дөнгөж төлсний дараахан энэ их зардал тэдэнд хүндхэн тусах байхаа.Тэр тусмаа нэг оюутан төгсгөх зардал 10 сая давдаг болсон өнөө үед.
Залуус өнгөтөй, өөдтөй харагдах гэж хичээх нь зүйн хэрэг л дээ. Харин энэ нь баян ядуугийн өрсөлдөөн болон хувирах бол ийм байдлаар энэ арга хэмжээг тэмдэглэх нь тийм ч оновчтой сонголт биш юм. Гэхдээ энэ асуудлыг тойрч гүйгээд байх бус эрдэм мэдлэгтэй болсон залуус маань хэлцэн ухаалаг, соёлтой тэмдэглэх нь өнөөдрөөс эхлэн та бүхний шинээр орж  буй нийгмийн статустай дүйцэх  буйзаа. Хоёр, гурван өдөр, шөнө дараалан хавтгайдаа найрласны дараа халамцуу залуус урд өмнө сэтгэлдээ тунирхаж явснаа тайлахаар бие биендээ санасан, бодсоноо хэлснээр агсам тавилцаж баяр цэнгэл нь гомдлын туйлшралд хувирдаг тохиолдол цөөнгүй байдаг. Энэ бол тэдний эцсийн зорилго биш л дээ. Гэхдээ л иймэрхүү байдлаар хонхны баяр төгсдөг тал бас бий.  Ер нь энэ хонхны баяр гэдэг ямар учир агуулгатай юм бэ. Заавал ийм байдлаар тэмдэглэх үйл явдал мөн үү.
Нижгэр тэмдэглэсэн хонхны баярынхаа дараа мөнгө ч үгүй, ажил ч үгүй  үлдсэн шинэхэн сэхээтэн маань сая ажил хайж эхлэнэ дээ. Яагаад гэвэл манай их дээд сургуулиуд мэргэжлийн захиалга авах, оюутнуудад стипенд, тэтгэлэг олох нөхцөл бүрдүүлэх, сургалтынхаа явцад оюутнууд ажил олгогч нарын уулзалт зохион байгуулах талаар олигтой санаа тавьдаггүй юм билээ. Тэд зөвхөн сургалтын төлбөрөө авч оюутнуудыг зөвхөн онолын талаар бэлтгэсэн болоод л  диплом өгснөөр гол ажлаа шуурхайлан дуусгадаг зуршилтай болчихсон. Манайд их дээд сургуулийн тоо, төлбөр нь механикаар өсч, дипломтой ажилгүйчүүдийг л үйлдвэрлэх болсноор иргэд хөдөөд нь хотоо харлуулж, хотод зээлийн боол болж хүүхдээ их дээд сургуульд сургасан ч төгссөн хүүхдүүд нь ажилгүй хүн болох тул эдийн засгийн хувьд ямарч ашиггүй систем ажиллаж байгаа нь энэ юм. Их дээд сургуулийг ашигт үйлийг коффициенттэй болговол яасан юм. Төгсөөд ажилд орсон оюутных нь тоогоор, дараа нь залуус ямар нэг байдлаар дүгнэж хаана суралцахаа сонгож болох биз.
Эцэг эхчүүд үр хүүхдээ боловсрол мэргэжилтэй болгож сайн сайхан амьдралд хүргэхийн төлөө байгаа бүхнээ өгсний  эцэст, их дээд сургуулиуд хамаг хөрөнгө, мөнгийг нь шавхаж байж төгсгөөд, эцэст нь тэднийг төр засаг маань өдөржин шөнөжин дугаарлуулж байгаад хар ажил хийлгэхээр  гадаад оронд явуулж байна.  Улаан дипломтой төгсөөд  ажилгүй яваа боловсон хүчнээ хараад цээж харлах юм. Энэ чинь одоо юу болж байнаа. Төр засаг энэ аймшигт үзэгдлийг харсаар л байгаа.
Эл байдал улсын эдийн засагт дарамт  болсон төдийгүй, дипломтой ядуусыг үйлдвэрлэх ажлыг дэмжсэн бодлого юм уу. Иймээс манайд төгссөн инженерүүд дотоод, гадаадад хаана ч очоод бие даан мэргэжлээрээ ажиллах чадвар дутмаг тул дахин суралцах эсвэл хар ажил хийх шаардлагатай болдог.  Дээр нь үйлвэр барилгын салбар маань хаалгаа барьж буй өнөө үед ажилгүй оюутнуудаа улс яах юм. НҮБ-ын хүний хөгжлийн индексээр монголын залуу үеийн дунд ажилгүйдэл, нас баралт их байгаа тухай дурдсан байдаг.
Саяхан Өмнөд Солонгост ажилчин авахаар бүртгэж эхлэхэд манай бүх залуус гадаа өдөржин шөнөжин дугаарлан зогслоо шүү дээ. Тэд бүгд мэргэжил, боловсролтой манай бүтээн байгуулалтын гол хүчин байлаа. Шил дараалсан олон баяр өнгөрч, цаг улирал дулааран одоо л нэг эдийн засгийн хүндрэлээ давах бүтээн байгуулалтын цаг ирлээ гэтэл ийм л юм болж байна.
Монголчууд бид дээд боловсролтнуудынхаа тоогоор |арван мянган хүнд ноогдох| дэлхийд тэргүүлдэг ч ажил дээр гарахаараа шаардлага хангадаггүй юм байна. Уул нь боловсрол гэдэг асар үнэтэй зүйл л дээ. Түүндээ  мэдлэг, мэдээлэл, ажиллах, бүтээх чадвар нь шингэж байх учиртай юм.
Гадаад орнуудад энэ эрдмийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ? Юуны өмнө тэд төгсөлтийн өмнөх жилүүдээс эхлэн оюутнуудаа ажлын байртай болгох талаар санаа тавьж, сар болгон оюутан ажил олгогч нарын уулзалт зохион байгуулж, бэлдэж буй мэргэжилтнүүдийнхээ талаар танилцуулга тарааж, сонирхсон хүмүүс өдөр тутам ирж оюутнуудтай гэрээ байгуулж, сургалтын төлбөрт нь тэтгэлэг, зээл олгох тухай тохиролцдог аж. Оюутнууд зуныхаа амралтаар гэрээт газраа очиж дадлага хийж  туршлага суудаг. Дадлага бол маш нарийн шалгууртай даалгавартай түүний дагуу дүн авдаг. Оюутнуудаар хог цэвэрлүүлж, газар ухуулах, зэрлэг зулгаалгах төдийхнөөр дадлага хаадагггүй.  Иймээс дадлага бол ажилд орох нэг шалгуур болдог. Иймээс ихэнх оюутнууд нь төгсөлтийнхөө өмнө ажлын байраа олчихсон байдаг аж. Зуны амралтаараа түр ажил хийж бие даасан төрөл бүрийн танин мэдэх аялал зохиох гэх мэт зүйлүүдэд зарцуулах мөнгөтөй болдог. Тэд явган аялалд дуртай, аялалдаа голдуу майхан, үүргэвч, явган, дугуй гэх мэтийг сонгодог. Энэ бол төгсөлтийн өмнөх гол бэлтгэл нь, өндөр хөгжилтөй орны залуусын нэгэнт тогтсон зуршил, тэд баар цэнгээн, архи дарс хэмээн төсөөлдөггүй. Өөр нэг зүйл бол тэд өөрсдөө дуулж, өөрсдөө хөтлөгч хийж өөрсдөө дундаасаа урлагийн ноймор бэлдэж бүх юмаа өөрсдөө зохион байгуулж чаддаг ба түүгээрээ бахархдаг, дурсдаг, гол нь таашаал авдаг. Гаднаас үйлчилгээ эрж гүйдэггүй, үнэ зиндаагаар өрсөлддөггүй, өөрсдийнхөө боломж, хэр хэмжээндээ тааруулан зохион байгуулдаг юм билээ. Тэднийг багаас нь эцэг эх нь бие даалгаж, өөрсдийнхээ иймэрхүү зардлыг өөрсдөө олдог тухайд үлгэрлэн хүмүүжүүлсэн нь чухам ямаршүү төрөл, хэлбэрт илүү дуртай, ямаршүү зүйлээс таашаал авч байгаагаас нь ажиглагдаж байна л даа. Муу зуршлаас хөндий, заавал асар их төлбөрт унаж бусдын авъяас чадавхаар өөрийгөө зугаацуулах бус өөрөө өөрсдийгөө зугаацуулж сурсан байдал нь онцгой санагдсан. Тэд төгсөөд төв суурин газар гэхээс илүү өөрсдийн төрөлх хот, тосгоноо хөгжүүлэх тухай  боддог. Амьдралын иймэрхүү хэв маягийг би зөв гэж боддог. Энэ бол тэр улс орны нийгмийн хөгжил, дэвшилд чухал зүйл байх. Үүнийг зөвхөн залуус өөрсдөө л хийж чадна.
Дашрамд Денверт |АНУ| Уул уурхайн инженерийн сургууль төгсөгчдийн эрдмийн баярт нь би очих завшаан тохиосон юм. Тэнд бүх төгсөгч нар нь ижил нөмрөгтөй, мөн ижил малгайтай байсан. Үүнээс өөр янз бүрийн олон хувцас хэрэглэхгүй,  энэ гол баяраа нэг л өдөрт л багтаадаг юм билээ . Иймээс манайд дэндүү олон хувцас хунарт гаргадаг тэр их зардал, өрсөлдөөн үгүй болох нь. Доктор, магистр, бакалавруудын нөмрөгийн өнгө нь өөр өөр байдаг юм билээ. Тэд цөм жагсаалаар зааланд орж ирээд сууцгаахад сургуулийн захиргаа арга хэмжээг нээж оюутнуудаа мэргэжил тус бүрээр нь дуудаж диплом гардуулан багш нараа танилцуулж тэдний ажлын амжилтаар нь шагнаж зэрэг дэв нэмдэг. Үүний дараа эцэг эхчүүд, оюутнууд болон ажил олгогч нар уулзаж болох ба нэг ангийн найз нөхдүүд хамт хоолонд орох зэргээр ерөнхийдээ нэг ангийн болон гэр бүлийн хэмжээнд цомхон баяр болж байлаа. Дашрамд хэлэхэд манайхан шиг эхнэр, нөхөр, үр хүүхдээ орхиод ажлын газраараа амралтад явдаг зуршил байдаггүй юм билээ. Амралт зугаалга гэр бүлийн хэмжээний үйл юм.
 Юуны өмнө тус их сургууль хотоос гадна жижиг хотхонд| Голден| өөрийн тохилог байр, номын сан, биеийн тамир спорт, соёл, ахуй үйлчилгээний байртай. Уул уурхайн бүхий л чиглэлээр жил бүр олон зуун боловсон хүчин гаргадаг, өндөр мэдлэг туршлагатай эрдэмтэн багш нар болон өөрийн дадлагын “Эдгар майн” хэмээх гүний уурхай, нарийн мэргэжлийн лаборатори, судалгааны тэнхимтэй, мэргэжлийн сургалтын түвшин, чанар чансаагаараа АНУ-д төдийгүй дэлхийд хэдийнээ нэрд гарсан иж бүрэн цогцолбор болж чадсан тул уул уурхайн мэргэжлийн жишиг жаяг болсон энэ сургууль төгсөгчдийг ажилд авах эрэлт хэрэгцээ өндөр байдаг аж. Нөгөө талаас энэ сургууль эрэлт буй мэргэжлээр сургалт явуулж энэ чиглэлийнхээ дагуу мэргэжилтэн бэлдэж төгсөгчиддөө ажил олгох талаар байнга анхаарч уул уурхайн компаниудыг урьж оюутнуудаа хоёрдугаар курсээс нь танилцуулж эхэлдэг. Эрэлт, захиалгагүй бол тэр чиглэлээр элсэлт авдаггүй.  Шаардлагатай мэргэжлээрээ компаниуд тэтгэлэг, зээл, цалин олгох талаар эртнээс гэрээ хийж ихэнх оюутнууд ч сургалтын төлбөрөө олж, төгсөөд л орох ажил нь бэлэн болсноор төлсөн сургалтын төлбөрийн үр ашиг энд гардаг аж. Үүгээрээ л манайхаас ялгаатай юм. Үүнээс гадна мэдээж тусгай шалгуураар олгодог холбооны, мужийн гээд төрийн тэтгэлэгүүд бий. Манайд энэ бүхнээ улам өргөжүүлж хэрэглэвэл залуус маань дөнгөж сургууль төгсөөд л ажилгүйчүүдийн  эгнээнд ордог явдал үгүй болох байх
 Тус сургуулийн нэг семестрийн сургалтын төлбөр нь оюутны кредит цагаас шалтгаалан дунджаар 7-10  мянган ам.доллар болдог аж. Энэ бол оюутан хүн тэтгэлэг зээлгүйгээр тэр болгон төлж дийлэхээргүй их мөнгө л дөө. Тус сургуульд  дээд боловсролтой нэг инженер бэлдэхэд $500 мянгаас давж, ингэж төгссөн инженерийг АНУ, Канадын уул уурхайн гадаад, дотоодын компаниудад ажилд авах ба анхны жилийн дундач цалин 50-60 орчим мянган ам долларт хэлбэлздэг аж. Иймээс төгсөгчид оюутан байхдаа хийсэн гэрээнийхээ дагуу шууд ажилд орсноор авсан зээлээ аажим хугацаанд |10 жил орчим| бага багаар төлж дуусгах боломж бүрддэг юм байна. Оюутнууд ийм маягаар удаан хугацааны зээлээр суралцдаг.   Мөн тэд орон сууцны зээл авч удаан хугацаанд төлж барагдуулдаг. Манайх шиг  төлбөр нь зээлийн хүүдээ дарагдаж авсан зээл нь дуусч өгдөггүй арилжааны банкуудынх шиг луйварын тогтолцоо энд байдаггүй. 
Оюутан залуус бол аль ч оронд нийгмийн амьдралд шинэлэг байдлаар нөлөөлж ямагт хөгжил дэвшлийн эхэнд явдаг тул энэ бүхнээс санаа авч мөдхөн болох хонхны баярынхаа |хонхны баяр гэж чухам юуг нь хэлээд байгаа юм| өмнө төгсөгчид ярилцаж хэлцэж байгаад өөрсдөө зохион байгуулж цомхон мөртлөө хөгжилтөй, соёлтой, шинэлэг байдлаар тэмдэглэж, хэтэрхий үрэлгэн, хавтгайрсан байдлаас зайлсхийж чадах бол улс орны болон та бүхний цаашдын амьдрал, дэвшилд нөлөөлөх нэг сайн үйл  болох нь дамжиггүй.
 
Найдансүрэнгийн Бадарч