Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ”-ийг шалгаруулан өргөмжлөх ёслолын арга хэмжээ Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт боллоо.

 

 

Тус арга хэмжээнээс Төрийн Банк нь Монгол Улсын хэмжээний ТОП-100 аж ахуйн нэгжээс наймдугаар байрт шалгарч, Банкны салбараас шилдэг дөрөв дэх банкаар шалгарсан амжилт үзүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өргөмжлөлөө гардан авлаа.

 

ТОП-100 Аж ахуйн нэгжийг төсөвт төвлөрүүлсэн татвар болон борлуулалтын хэмжээ, ашиг орлого, тухайн байгууллагад ажиллаж байгаа нийт ажиллагсадын  тоо болон санхүүгийн бусад үзүүлэлтүүдийг харгалзаж тодруулдаг бөгөөд Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын албан ёсны баталгаажсан тоон үзүүлэлтэд тулгуурлаж шалгаруулдаг билээ.

 

2016 онд Төрийн банкны нийт актив 2 их наяд төгрөгт хүрч, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,8 их наяд төгрөг, тайлант жилд 10.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг  хангаж ажилласнаас гадна нийт активт эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 1,7 хувьд хүрч, Монголын арилжааны банкнуудаас хамгийн эрсдэл багатай банк гэдгээ дахин баталгаажуулж чадлаа.

 

Банк нь тайлант онд энэхүү ашиг орлогын өсөлтөөс гадна үйл ажиллагааны олон чиглэлээр өсч буй байр сууриа хадгалж ирсэн бөгөөд харилцагчдад хүргэх үйлчилгээнийхээ боломжийг сайжруулах, үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй болгоход чиглэж ажилласан юм.