2017.04.04 өдөр “С.Баяр Монгол Улсыг төлөөлөх элчин сайд байх эрхгүй, оффшор данснууд болон тансаг зэрэглэлийн олон байр худалдан авч, зарсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг бие даасан хуулийн болон мэргэжлийн байгууллагаар шударга шалгуултал сайн дураараа ажлаа хүлээлгэн өгнө үү” гэж 8000 монгол иргэн гарын үсэгтэй шаардах бичгээ ЭСЯ-ны хоёр ажилтан Б. Одонжил, Л.Отгонбаяр нараар дамжуулан С. Баярт өргөн барьсан.
 
Мөн 04-р сарын 23 -нд С.Баярыг эдгээр иргэдтэй ярилцах Онлайн уулзалтанд урьсан болно.
Харамсалтай нь С.Баяр “Үгүй” гэсэн хариултыг 04-р сарын 21-нд элчин сайдын яамны ажилтан Л.Отгонбаяраар дамжуулан бидэнд өгсөн.
С.Баяр шаардах бичгийн хариундаа бидний үйл ажиллагааг мушгин гүйвуулж, доромжилсон болон бидний эсрэг бусдыг өдөөн турхирсан санаатай хариу бичсэн тул дараахь үнэнийг тусгайлан мэдээлж байна.
 
1. С.Баяр тантай биечилж уулзах уулзалтыг цуцалсан гэжээ. Би цуцлаагүй хойшлуулж үлдээсэн шүү дээ. Үүнийг сануулахад,
Би 2017.01.30 -нд С.Баяр таныг ИБУИНВУ-д элчин сайдаар ирэх гэж байгаатай холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлж Монголын Засгийн Газарт болон УИХ-д хаягласан захидал илгээсэн боловч хариуг нь одоо болтол аваагүй болно. Та үүнийг мэдэж байгаа шүү дээ.
Иймээс 2017.03.08 -нд Э.Одонгэрэлийн хамт анхны эсэргүүцлийн цуглаанаа зориглон хийсэн болно.
Гэвч бид хоёрыг дэмжигчдийн тоо асар хурдтай өссөн бөгөөд ”С.Баяртай та хоёр ганцаарчилж, уулзаж болохгүй. Тэр та хоёрыг дарамтлах болно. Иймээс асуух асуултаа нэгтгэж, онлайн уулзалтыг зохион байгуулъя.” гэж хүсэлт тавьж эхэлсэн.
 Энэ эсэргүүцэл нь зөвхөн ганц хоёр хүний хэмжээнд биш нэгдэн нийлж байгаа эсэргүүцэгчдийн хүсэл зорилгыг төлөөлж эхэлсэн тул тантай уулзах уулзалтыг нээлттэй хэвээр хойшлуулсаар 04-р сарын 23-нд гэж мэдэгдсэн нь энэ.
 Харамсалтай нь та “Уулзах шаардлагагүй.” гэлээ.
2. Та ИБУИНВУ-д оршин суугаа Монгол иргэдтэй танилцах, харилцан ярилцах зорилгоор 2017.03.23 -нд Элчин Сайдын Яамны байранд уулзалт зохион байгуулсан. Үйл явцыг нь онлайн нэвтрүүлж, улмаар иргэдээс ируулсэн санал хүсэлт, асуултанд хариулсан. Та бүхний шаардах бичигт дурдсан асуудлаар өөрийн байр сууриа дэлгэрэнгүй илэрхийлсэн гэжээ.
 
Та бас л дороо хөрвөж худал хариу хэлж байна.
Та яагаад гэнэт ийм уулзалт санд мэнд зохион байгуулсан билээ?
03-р сарын 18 -нд Монгол цэргийн баяраар Лондонд байгаа Монгол залуучууд цугларч,чанга яригчаар элчин сайдын яамны гадаа “Баяр буц, Баяр шалгуул.”гэж монгол англи хэлээр уухайлан цууриатуулсан. Та нар ч дор нь цагдаа дуудсан мөн тэр хавийн хүмүүс бас их сонирхсон. 
 
 Та өөрийнхөө зарыг сайтад шууд тавьсан. 19 нөөс эхэлж тавиагүй 21-нд зарыг тавьсан ч учир битүүлгээр уулзалтаа дараагийн өдөр нь хойшлуулж дахин засаж тавьсан.
Таны энэ уулзалт Монгол иргэдтэйгээ танилцах уулзалт биш өөрийг чинь эсэргүүцсэн Монгол иргэдийг гүтгэж доромжлох, жигшээх зохион байгуулалттай уулзалт байсан.
Уулзалтанд  тань элчингийн ажилтнууд мөн элчин сайдын яамнаас үйлчилгээ авдаг цөөн тооны монгол иргэд оролцсон.  Бусад иргэд ажил сургуулиа зохицуулж ирэх боломжгүй ганцхан хоногийн хугацаатай зарласан. Манай эсэргүүцэгчдээс гурван хүн ажиглагчаар суусан.
Та эндээс өөрийгөө “ С.Баяр элчин сайдаар ирсэн нь зүйтэй. Гадаа жагсаж байгаа хоёр гурван Монголчууд Лондонд байгаа Монгол иргэдийг төлөөлж чадахгүй” гэсэн утгатай бичиг хийлгэж, гарын үсэг зуруулж аваад Монгол ниссэн.
Гэхдээ та надад “Би монгол нисээгүй шүү. Эндээ л байгаад байгаа” гэж сүүлд нь өөрөө ирж худлаа хэлэх, үүнийг чинь баталж таны элчингийн ажилтангууд бас давхар худлаа хэлэх нь Төрийн түшээ та нарт итгэх итгэлгүй болголоо.
Таны онлайн уулзалтаас өөрсдийнхөө хариултыг олж авч чадаагүй учраас бид тусгайлан тантай онлайн уулзалт хийх гээд 3 долоо хоногийн өмнөөс урьсан.
Учир нь таны уулзалт урьдаас бэлдсэн цөөн асуултанд хариулсан болоод, өөрийгөө өмөөрч хамгаалж, дөвийлгэсэн бас биднийгээ гүтаан доромжилж, сүрдүүлсэн яриа гурван цаг орчим болсон шүү дээ.
 
 Өөрөөр хэлбэл та Монголын ард түмний мэдэхийг хүссэн асуултнуудад хариулаагүй, хариулахыг ч хүсэхгүй байна.
Та “Лондонгийн Монгол форум VI” 2017.04.05-нд Английн болон олон улсын улс төр, бизнес, хуулийн салбарын төлөөлөгчдийн өмнө “Ийм тайван эсэргүүцэл гэдэг нь Монгол улс эрх чөлөөтэй, ардчилсан улс гэдгийг харуулж байна. Гайхамшигтай эмэгтэйчүүд...” гээд жинхэнэ ардчилсан төрийн түшээ хүний эелдэг төрхөөр ярьсан байж яахаараа одоо иргэдтэйгээ онлайн харилцан тэнцвэртэй уулзалт хийж, тэдний сонирхсон хардсан асуултнуудад нь хариулж болохоо больчихов оо.
Бидний уулзалтын зарыг тан шиг Монголын хамгийн олон уншигчтай мэдээллийн сайт зарлаагүй боловч мянга мянган иргэд сонирхон хүлээж, өөрсдийн асуултандаа таны байр суурийг ажиглан хүлээж байсан юм.  
Таны хэлдгээр Э.Одонгэрэл бид хоёр л таныг эсэргүүцээд байгаа биш дэлхийн 30-д улс орнуудад амьдарч, сурч байгаа монголчууд нийлээд 8000 иргэд гарын үсгээ цахимаар болон гараар зурж, биднээр төлөөлүүлж байна. Энэ иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа нь танаас зөвхөн шударга ёсыг шаардаж байгаад юм.
Эцэст нь тэмдэглэхэд гэж таны хэлснээр хэлэхэд Монгол Улсынхаа иргэдийг төлөөлөн оффшор дансны талаарх асуудлаар ИБУИНВУ-ын парламентын ордны гадна очиж эсэргүүцлээ үргэлжлүүлэх нь таны зарчмыг ноцтой зөрчиж байгаа юм байна.
Та үүнийгээ баталж, өөрөө ч хариундаа хэлж байна бас биднийг ИБУИНВУ-ын парламентын гадна талбайд 04 сарын 17-наас эхэлж эсэргүүцлээ үргэлжлүүлэхэд өөрийн 2 ажилтнаа илгээж, ямар ч хаяггүй, цаасныхаа доод хэсгийг ураад хаясан “мэдээлэл” гэж хэлсэн бичигтээ ”Эсэргүүцлээ зогсоохыг” тулгасан шаардлага уншуулсан.
Үнэн хэрэгтээ таны албан тушаалаа ашиглан хийсэн үйлдлүүд тань аль хэдийн Монголын хилээс давж гарсан. Таны хувь нэмрээ оруулсан Монгол улсын өрийн дарамт, Монголын ард түмнийг ядуурлаас гаргахын төлөө бидний эцсийн тэмцэл ч бас хил даван олон улсын хууль дүрмийн дагуу холбогдох байгууллагууд руу чиглэх нь зарчмын асуудал юм.
 
Монгол орон маань өнөөдөр ардчилсан орон биш коррупцид идэгдсэн, өрөнд баригдсан. Хэдхэн тооны олигархийн мэдэлд байна. Тэд монголын баялгийг мөнгө болгоод оффшорт байршуулсан.
 Та үүнийг үг, үйлдэл амьдралаараа маш тод жишээ болон батлан харуулж байна.
Монголд маань хүнлэг ёс, хууль дүрмээ бүгд адилхан даган сахих, ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх нь ус  агаар шиг хэрэгтэй болжээ.
Иймээс С.Баяр та үүнийг өөрийн биеэрээ бусдадаа үлгэрлэн үзүүлээсэй гэж хүсч бид 46 дахь өдрөө үргэлжлүүлэн жагсаж байна. Энэ нь магадгүй та өөрийн ард түмэндээ үзэн ядагдсан нэр хүндээ сэргээх мөн хайр хүндэтгэлийг нь олох таны боломж биш гэж үү.
 
С.Баяр таныг эсэргүүцэж монгол иргэдийг дэмжин сайн дураараа оролцож байгаа ИБИУНВУ-ын иргэн Петр Грэхэмийг та Мүүний шашны зүтгэлтэн гэж гүтгэжээ.
Петр Грэхэм бол дэлхийн хөгжилтэй оронд хүлээн зөвшөөрдөггүй шашны гаж урсгал Мүүний шашны зүтгэлтэн биш гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Өөрийн үйл ажиллагааг явуулдаг вэбсайт, цахим хуудсаараа ч танд хариулт болгож илэрхийлсэн байна.
Тухайн улсад элчин сайдаар ирээд тухайн улсынх нь иргэнийг нь доромжилж гүтгэх, арьс өнгө, үзэл бодол шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах нь олон улсын хуулийн заалттай шүү.
 
Петр Грэхэмийн тухай тодруулж хэлэхэд тэр өөрийн байгуулсан дэлхийн соёлын холбоогоороо дамжуулан Лондонд улс орнуудын нийгэм соёлыг таниулах, туслах үйл ажиллагааг олон жил хийж яваа нэгэн сайхан сэтгэлтэй хөгжимчин, ая зохиогч, хөгжмийн багш хүн юм. Тэрээр монголын нийгэм эдийн засгийн талаар мэддэг болоод удаж байгаа бөгөөд монголын соёл уламжлалыг хүндэлдэг, сурталчилдаг, монголын өнчин ядуу хүүхдүүдэд туслах хандивын аянг зохион байгуулалцаж явсан, монголд жинхэнэ ардчилал, шударга ёс хөгжөөсэй гэсэн чин хүсэлтэй дэлхийн олон иргэдийн нэг төлөөлөл болсон хүн юм. Түүнтэй адил бидэнтэй санал нэг монголд элэгтэй англи иргэдээс гадна Америк, Орос, Герман, Япон зэрэг гадаадын олон хүмүүс биднийг дэмжиж байгаа болно.
 
С.Баяр та бол “Монгол Улсаа хөгжүүлж, ард түмэндээ шударга үнэнч үйлчилнэ.”гэж Монгол Төрийн өмнө тангараг өргөсөн төрийн өндөр албан тушаалтан.
Гэтэл та цөөхөн Монгол иргэдээ гадаад, дотоод гэж ялган зааглаж, талцуулах мөн Монголд шударга ёс байх ёстойг дэмжсэн гадаад иргэнийг худал гүтгэж, монголын ард түмнээр жигшиж зэвүүцүүлэх хариу барьж байгаа нь харамсалтай.
Энэ бол та өөрийн гол асуудлыг анхаарлын төвөөс зайлуулж, өөрөөс тань шударга ёс шаардсан иргэдийг гутаан доромжилж ард иргэдийг самууруулж, хариуцлагаас мултрах гэсэн Монголын ард түмнийг дахин дахин басамжилсан увайгүй үйлдлүүдийн чинь нэг болж байна. 
Энэ чинь Монгол Төрийн бодлого, Монгол дипломат ёс гэж үү.
8000 монгол иргэдээ төлөөлж,
 
 
 
 
Г. Ичинхорлоо
Лондон
5 сарын 1
Жич хавсаргав,
  С.Баяр “Шаардах бичгийн хариу өглөө” 2017.04.21
 С. Баярын элчингийн 2 ажилтаны  уншиж өгсөн “Эсэргүүцлээ зогсоохыг шаардах” бичлэг 2017.04.17