Өнөөгийн нийгэмд байгаа бүхий л өрх толгойлон зүтгэж яваа хүчирхэг эмэгтэйчүүддээ зориулсан, эмэгтэй хүний үнэн түүхийг харуулах “Түцний охид” уран сайхны кино “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ.

“Go Adventure studio” болон “Red point media”-гын хамтын бүтээл “Түцний охид” киноны гол дүрд Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, СТА жүжигчин Т.Хулан, жүжигчин Т.Бадамжав нар тогложээ.

Тус киноны ерөнхий найруулагчаар Д.Галхүү ажилласан бөгөөд тэрээр киноныхоо талаар “Өнгөрсөн 2016 он миний хувьд хайрт эгчээсээ хагацсан хатуу жил байсан. Эгч минь өрх толгойлсон эмэгтэй байсан юм.Тэр мөчөөс эхлэн энэ сэдвээр кино хийх юмсан гэсэн бодол шөнийн зүүдэнд зохиол болон ирж өдрийн бодолд кино кино кино гэсээр нэг л мэдэхэд зорилго болчихсон байсан билээ” хэмээн ярьж байсан билээ.