Ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН болон АН-аас нэр дэвшигчид албан ёсоор тодорч, одоо нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаа л үлдээд байгаа билээ.

Тэгвэл МАХН-аас харин нэр дэвшигчийн хувьд бага үгүй асуудалтай байгаа. Тус намынхан Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн ч тэрбээр хуулийн хүрээнд энэ шалгуурыг хангах эсэх нь эргэлзээтэй байгаа.

Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаярын ялгүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг энэ сарын 3-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн.

Улмаар тус шүүхээс Н.Энхбаярын өмгөөлөгч Ш.Дуламжавын гаргасан нэхэмжлэхийг хүчингүй болгож, ялгүйд тооцох боломжгүй гэж дүгнэжээ.

Тодруулбал, шүүгч З.Болдбаатарын гаргасан захирамжид "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт “Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно” гэж заасан бөгөөд хүсэлтэд хавсаргасан нотлох баримтын хүрээнд нотлогдох боломжгүй гэж шүүх үзэн Н.Энхбаярыг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн" гэдгийг онцолсон байна.

СЕХ-ноос Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзвал түүний оронд нэр дэвших дараагийн хүнийг сонгох хэрэгтэй болох бөгөөд хуулийн хугацаа тавдугаар сарын 14-нөөс өмнө шийдвэрлэх шаардлагатай юм. Тус намаас нэр дэвшүүлэхээр хэдийн яриад эхэлсэн "ХҮН"-ын дарга асан С.Ганбаатарын нэр түлхүү яригдах болсон байна.