Жил бүр он солигдох дөхөөд ирэхээр оны шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. 2013 онд уран бүтээл, эрч хүч, үзэсгэлэн гоо, урам зоригоороо бусаддаа үлгэр дууриал үзүүлж, хайр түгээж, Монгол бүсгүйн эрдэм чадлыг гайхуулж чадсан жинхэнэ Космо бүсгүйчүүд шалгаруулах “Cosmopolitan Mongolia 2013 Awards”-ын Онцлох 9 бүсгүй шалгаруулах санал асуулга аль хэдийнээ эхэлсэн гэдгийг уншигч та бүхэн мэдэж байгаа билээ. 

Энэ жил Космо бүсгүйчүүдээсээ Монголын “онцлох жүжигчин эмэгтэй″ номинацид жүжигчин У.Уранчимэг, Ц.Баясгалан, Б.Ганчимэг, О.Долгор мөн Б.Навчаа нар нэр дэвшүүлжээ.

Харин энэхүү номинацид нэр дэвшсэн эршүүд гүдэсхэн зан, хээгүй яриагаараа олны хайр талархлыг хүлээж, тэр хэмжээгээрээ мундаг жүжигчин гэдгээ таниулаад байгаа уран бүтээлч Б.Навчаа энэхүү саналд баярлах, ичих нь зэрэгцжээ.

Тэрбээр, хэнээс ч айж эмээхгүйгээр тэмцэж энэ өндөрлөгт хүрсэн гэдгээ үргэлж ярьж, хэзээ ч хувийн амьдралаа нууж хаадаггүй жүжигчин маань энэхүү санал асуулгын талаар өөрийн цахим хуудаснаа “Ийм мундаг жүжигчидтэй намайг нэр дэвшүүлсэнд баярлах шиг, ичих шиг. Мэдээж Урнаа Баясгалан хоёр илүү, Ганчимэг Долгор хоёр сайн ирээдүйдээ жүжигчид. Миний хувьд энэ дөрвөн жүжигчид бүгд сайн чадалтай мундаг эмэгтэйчүүд” хэмээн бичиж өөрийнхөө сэтгэгдлийг хуваалцсан юм.

Д.Ана