Хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэн зорчигчоо зодож гэмтээсэн хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, оройн 17:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргээс Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гандан орчимд очихоор хоёр иргэн такси барин суужээ.

Улмаар таксины жолоочид очих газраа зааж өгтөл, жолооч уурласан учир хоёр иргэн буухаар болж, нэг нь бууж амжаагүй байтал цааш авч давхисан байна.

Энэ үед машинаас буулгахыг шаардсан зорчигч эмэгтэйг жолооч нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж гэмтээгээд замын хажууд буулгаад зугтаажээ. Хэрэг гарсан даруйд зорчигч эмэгтэй харъяа цагдаагийн газарт мэдэгдсэнээр жолоочийг саатуулсан аж. Харин жолооч хэргийн талаар цагдаад мэдүүлэг өгөхдөө “Би хоногийн хоолоо олох гэж яваа хүн. Би энэ эмэгтэйг зодоогүй” хэмээжээ.

Хэргийг цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байна.