Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газраас тавин сая хүртэлх еврогийн зээл авахаар болжээ. Одоо нөхцөлт зээлийн хэлэлцээрийг  УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулах л үлдээд байгаа аж.

Тодруулбал,  Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар Монгол Улсын хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсролын шинэчлэл, байгаль орчныг хамгаалах салбарын төслүүдийн санхүүжилтэд зориулж 50 сая (тавин сая) хүртэлх еврогийн зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгоно. Энэхүү ЗээлийгПольш Улсаас Монгол Улсад нийлүүлэх бараа, үйлчилгээний гэрээний үнийн дүнг 100 % санхүүжүүлэхэд ашиглах юм байна.

Энэхүү Хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад экспортолсон бүх бараа бүтээгдэхүүнийг Бүгд Найрамдах Польш Улсын Эдийн засгийн хөгжил, сангийн сайдын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр өөр улсад дахин экспортлохыг хориглож байгаа аж.

Тус Хэлэлцээрийн  зээл нь жилийн 0.15% (тэг зууны арван таван хувь)-ийн хүүтэй байна. 3ээлийн хүүг зээлийн ашиглалт гарсан өдрөөс хойш хагас жил бүр хэсэгчлэн, жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны өдөр,10 дугаар сарын 15-ны өдрүүдэд еврогоор тооцож төлөхөөр гэрээнд тусгаад байна. Хэрвээ Монгол Улсын Засгийн газар Хэлэлцээрт товлогдсон хугацаанд аливаа төлбөрийг хийж чадаагүй тохиолдолд төлөгдөөгүй дүнд хүүгээс гадна 1.5%(нэг аравны таван хувь)-ийн  торгуулийн хүү тооцогдоно. Торгуулийн хүүг төлбөр хийх өдрөөс төлбөр хийгдсэн өдрүүдэд тооцно.