Чингэлтэй дүүргийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Түншлэл” зорилтот төслийн “Хамтдаа дуулъя” урлагийн тоглолт 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Монголын Хүүхдийн Ордны Концертын их танхимд зохион байгуулагдлаа.

Урлагийн тоглолтод Чингэлтэй дүүрэг, Хэнтий аймаг, ӨМӨЗО-ны 70 гаруй авьяаслаг багш нар оролцлоо. Мөн Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 54 цэцэрлэгийн 600 гаруй багш ажилчид үзэж сонирхсон юм.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас тоглолтод оролцсон нийт багш нарт Батламж олгосны зэрэгцээ Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газар, ӨМӨЗО-ны Сурган хүмүүжүүлэх товчоонд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Талархлыг гардуулав.

Мөн Чингэлтэй дүүргийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Малчдад туслах сайн санааны аян”-ыг зохион байгуулж, аянд оролцсон 15 сургууль, 30 цэцэрлэгийн 20 гаруй мянган багш, эцэг эх, сурагчдаас сайн дурын үндсэн дээр хуримтлуулсан 8 сая төгрөгийг Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд шилжүүлсэн Батламж, баримтыг хүлээлгэн өгсөн нь олны талархлыг хүлээлээ.

“Хамтдаа дуулъя” урлагийн тоглолтын ерөнхий найруулагчаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч н.Баярсайхан, зохион байгуулагчаар төвийн бүсийн цэцэрлэгүүд ажиллажээ.