Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан  150 хүүхдийн ортой 246 дугаар цэцэрлэг ашиглалтад орж, 2017 оны 02 дугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Нийслэлийн Засаг даргын  Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагч  Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, 16 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Н.Сэргэлэн, 246 дугаар цэцэрлэгийн  удирдлага, багш, ажилтнууд, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.  Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Дүүргийн  хэмжээнд таван цэцэрлэг ашиглалтад орохоос эхнийх нь 246 дугаар цэцэрлэг юм. Шинээр баригдсан цэцэрлэгүүд тухайн хорооны иргэдээс ажилтнуудынхаа тодорхой хэсгийг бүрдүүлж ажлын байр бий болгож байна. Шинээр ашиглалтад орсон таван цэцэрлэгийн эрхлэгчээр 10-20 жил ажилласан туршлагатай аргазүйч багш нарыг томилуулахаар холбогдох газруудад уламжилж шийдвэрлүүлсэн” гэдгийг онцлов. Цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг “Манай цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдсан. Цэцэрлэгийн ажилтнуудын 40 гаруй хувь нь 16 дугаар хорооны иргэд” гэж ярьсан юм. Барилгын гүйцэтгэгчээр “Бат-Энх-Хүү” компани ажиллаж, Канад технологиор барьжээ.