Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Уг наадам хоёрдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохиогдсон бөгөөд үндэсний хувцсаараа ижилссэн иргэд оролцож олон төрлийн уралдаан тэмцээнд авхаалж самбаагаа сорин оролцлоо.

Мөн шилдэг үндэсний хувцастай шилдэг хороо шалгаруулах арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн хороодын иргэд болон Гэр бүл хөгжлийн төв, Биеийн тамир спорт хороо идэвхтэй оролцлоо.

Нийслэлийн өвлийн наадмын арга хэмжээний 1 дүгээр байрыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 2 дугаар байрыг 12 дугаар хороо, 3 дугаар байрт 16 дугаар хороо шалгарч эхний гурван байрыг Чингэлтэйчүүд манлайллаа.

Арга хэмжээнд идэвхтэй оролцсон Чингэлтэй дүүргийн иргэдэд нийслэлийн удирдлагууд баяр хүргэж талархал илэрхийлсэн юм.

“Улаанбаатарын өвлийн наадам 2017” арга хэмжээний үеэр мөсөн шагайн харваа, сурын харваа, уран гулгалт, шүхрийн үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдсан юм.