Дөрвөн настай охины амийг хөнөөсөн хэргээр  шүүхээс 23 жилийн хорих ял аваад буй Г.Маралмаа  хэргийг шийдвэрлэх явцад цагдаагийн алба хаагчид хүчиндүүлсэн хэмээн өнгөрөгч дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Тодруулбал, Г.Маралмаа өргөдөлдөө “2016 онд ялтан Г.Маралмаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хэргийн материалтай танилцаж байхдаа тус шүүхийн цагдаа, дэслэгч Б-д халуун усны өрөөнд хүчиндүүлсэн, шалгаж өгнө үү" гэж өргөдөл бичсэн.  Хэргийг  Мөрдөн байцаах Тусгай субъектын хэлтэст шалгаж байх явцад  буюу 2017-05-03-ны өдөр хүчиндсэн хэрэгт шалгагдан, ажлаасаа чөлөөлөгдөөд байсан цагдаагийн алба хаагч гэртээ амиа хорлосон. Талийгаач амиа хорлохдоо өөрийгөө гэм буруугүй гэсэн агуулга бүхий гэрээслэл бичиж үлдээсэн байдаг. Тиймээс Г.Маралмааг Эрүүгийн хуулийн 95.1 Бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Хэрвээ Г.Маралмааг шүүхээс гэм буруутай гэж үзэх юм 2-5 жилийн ял оноох юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 95.1-д " Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж заасан бөгөөд гэм буруутай эсэхийг шүүхээс тогтоох юм. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.