Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр Доён Болд нарыг шүүх хурал боллоо. Тодруулбал, өнгөрсөн оны зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, тэр хавийн оршин суугчдыг айлгаж цочроосон хэрэг гарсан ба хэргийн холбогдогч Доён хочит Болд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан болсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч гадаадад эмчлүүлж байгаа тул шүүх хурлыг энэ сарын 25-ы өдрийн 10 цаг хүртэл хойшлуулав. 
Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч У.Болд, Т.Өлзийжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. Яллагдагч У.Болд нь Т.Өлзийжаргалтай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт, 
Яллагдагч Т.Өлзийжаргал нь У.Болдтой бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт гэмт хэрэгт тус тус холбогдсон юм. 

Бид шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.