Их Британиас гаралтай “Зөн билгийн тулаан” шоу нэвтрүүлгийг NTV телевиз Монгол Улсдаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Тэгвэл өнөөдөр тус нэвтрүүлгийн Ерөнхий продюсер С.Ангараг, шилдэг дөрвөн зөн билэгтний хамтаар хэвлэлийн хурал хийлээ.

NTV телевизийн хувьд “Оросын зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 17 дугаарыг албан ёсны эрхтэйгээр орчуулан Монголын үзэгчдийн хүртээл болгож энэ удаад Зөн билгийн тулаан Монголд нэвтрүүлгийг өнгөрсөн хавраас эхлэн зохион байгуулж дуусах шатандаа орсон байна. Ингэснээр манай улс уг нэвтрүүлгийг албан ёсоор бэлтгэн хүргэх 22 дахь орон болжээ.

Манай улсад зохион байгуулахаар төлөвлөн бүртгэл явуулахад 200 гаруй оролцогч бүртгүүлсэн бол эхний шатанд 60 оролцогч шалгаран үлдэж эцсийн шалгаруулалтанд шилдэг дөрвөн зөн билэгтэн нэвтрүүлгийн ялагч болохоор өрсөлдөөд байгаа юм. Шилдэг зөн билэтнийг долдугаар сарын 09-ний ням гарагт тодруулах юм байна.

Энэ үеэр шилдэг дөрвөн зөн билэгтэн нараас нэвтрүүлэгт орох болсон зорилгын талаар тодруулсан юм. 

Т.Алтанцэцэг: Монголд дэлгэрээд байгаа бөө мөргөлийг зөв талаас нь ойлгуулах гэж оролцсон. Нэвтрүүлгийн явцад сорилууд бол хамгаалалт сайтай, задаргаа байхгүй, оролцсон хүмүүсийнхээ дунд ямар нэгэн айдасгүй, найдвартай тэмцээн болсон гэлээ.

Г.Анударь: Энэ тэмцээнд оролцож, өөрийн зан үйлийг олонд таниулах нь миний хамгийн том зорилго байсан. Харын шид, шулам гэдэг нь хараал жатга хийдэг биш сайн сайхны төлөө явдаг юм аа гэдгийг харуулахыг хүссэн. Дэлхий дээр байгаа бүх шашны урсгал нэг чигт явж байдаг. Үүнийг хүмүүст эерэг талаас нь харуулж, ойлгуулахыг зорьсон.

Б.Эрдэнэсан: Монголын бөө мөргөлийг залуучууд хэрхэн яаж авч явж байгааг харуулахыг зорьсон. Бас өөрийгөө сорих гэж орсон. Энэ тэмцээнд орсноор өөрийнхөө ирээдүйг харсан. Миний хэтийн зорилго улс орон, ард түмэндээ тус болж, байгаль хангай дэлхийн төлөө бага ч гэсэн өөрийнхөө хувь нэмрийг оруулах явдал юм.

Нэвтрүүлгийн нэг дугаарт ээжийг нь хүүтэй уулзуулж өгч байсан, Сүнстэй нь уулзах хүсэлтэй олон иргэдийг хүлээн авч уулзах уу?

Нэвтрүүлгийн даалгаврын дагуу нэгэн эмээг хүүтэй нь уулзуулж өгсөн. Энэ талын санал олон хүнээс ирж байгаа. Хүү нь сураггүй болоод гурван жил болсон эмээгийн шаналалыг багахан ч бол тайвшруулахыг хүссэн. эмээ байсан. Хүүгээ алдсан эх хүний сэтгэл, энерги, зовлон шаналал маш их хэцүү байсан, өөрийн ээжтэйгээ зүйрлэж энэ зан үйлийг хийсэн. Хүмүүс амархан гэж бодоод байна. Ийм зан үйл хийхэд улаач хүний нас нэгээр хорогддог. Амархан зүйл биш юм. Ийм зан үйлийг онгод тэнгэр минь зөвшөөрвөл уулзуулж өгч болно. 

Уулзах хүсэлтэй хүмүүсийн хувьд ямар замаар өөртэй тань холбогдож болох вэ? 

Телевизээр дамжуулан холбогдох боломжтой.

Н.Батцэнгэл: Миний хувьд энэ тэмцээнд онго тэнгэрийнхээ хүчийг ашиглахгүй, өөрийн хүчээр ямар зэрэгт явж байгаагаа мэдэхийг хүссэн. Энэ зорилгынхоо дагуу өөрийгөө ямар хэмжээнд явж байгааг баталж, харуулж байгаа гэж хэлж болно. Онго тэнгэр буух болгондоо улаачдаа мэлмий, хүч чадал хайрладаг. Үүнийг хэр хэмжээнд хурааж чадаж байгаа, эргүүлээд ард түмэндээ яаж түгээж чадаж байгаагаа тодорхойлж байгаа гэж бодож байна. Шударга өрсөлдөж бид дөрөв шилдгээр шалгарсан учраас би баяртай байна.

Ерөнхий продюсер С.Ангараг "Нэвтрүүлэг маань стандартын дагуу явагдсан. Зохион байгуулалт ямар байх, сорилууд ямар байх вэ, зураглаач нар хэрхэн ажиллах вэ гээд бүх зүйл нэвтрүүлгийн стандартын дагуу явагдсан. Нэвтрүүлэгт нийт 50 гаруй сорилууд явагдлаа. Сорил болгоныг үр дүн үзүүлэлтүүдийг эргэн харж хэн нь хамгийн өндөр оноо авсан бэ гэдгээр Шилдэг Зөн билэгтнийг тодруулна. Мөн тусгай дугаар ажиллуулж мессеж санал авч байгаа. Үзэгчдийн санал зөн билэгтний нийт онооны 30 хувийг бүрдүүлэх бөгөөд долдугаар сарын 8-ны өдрийг хүртэл мессеж саналыг авна. 

Нэвтрүүлгийн зохиогчийн эрхийг Нидерландийн “Тв медиа партнерс” болон Норвегийн “Голланд & Нордикс фильм” компани эзэмшдэг бөгөөд АНУ, Австрали, Украин, Болгар, ОХУ гэх мэт дэлхийн 20-иод улсад албан ёсоор үзэгчдэд хүрсэн нэвтрүүлэг юм байна.

С.Буянжаргал

cityinfo.mn