Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн оны хавраас үйл ажиллагаагаа идэвхижүүлж, удахгүй болох V чуулганаа угтан, орон нутаг дахь ээлжит чуулганаа зохион байгуулж, орон нутгийн залуучуудтайгаа уулзаж тэдний үзэл бодол, тулгамдаж байгаа асуудлыг сонсох, шийдвэрлэх гарц хайж, цаашид орон нутгийн залуучуудаа идэвхжүүлж, хэрхэн дэмжиж хамтран ажиллах талаар нутагт нь очиж уулзан ярилцаж, бүтэц бүрэлдэхүүнийг нь шинэчлэн, үйл ажиллагааг нь сэргээн тогворжуулсан юм.

Мөн нийслэл хотод байгаа аймгийн төлөөлөл залуучуудын хороо, холбооны дэргэдэх нийгэм, урлаг, спорт, аялал жуулчлалын гэх мэт 10 гаруй хороонуудыг байгуулсан бөгөөд эрчим хүч, авто зам, барилга, уул уурхай, төмөр зам, тээвэр, иргэний нисэх гэсэн томоохон салбаруудад залуучуудын холбоог байгуулж эхлээд байгаа юм. Ингэснээр улс орны хөгжил дэвшлийн томоохон салбаруудад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрхийг хамгаалах, нэгжүүдийг бий болгох томоохон зорилттой юм.

Өмнө нь МЗХ тусгай салбарын залуучуудын холбооноос “Авто Замчин” Залуучуудын Холбоог байгуулаад байсан бөгөөд саяхан Эрчим хүчний салбарын залуучуудын холбоог үүсгэн байгуулах 3-р хуралдаан болж Эрчим хүчний яам, харьяа байгууллагууд, төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудын тэгш оролцоотой оролцсон байна. Эрчим хүчний Залуучуудын Холбооны тэргүүнээр Л.Батсайхан /ЭХЯ-ны төрийн захиргаа, удирдлагын газрын дарга/ сонгогдсон бөгөөд тэргүүлэгч гишүүдээ сонгон, дүрэм журмаа хэлэлцэн баталжээ.