Аймгуудын наадмууд энэ өдрүүдэд үргэлжилж байгаа. Аймгийн наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, наадамчин олноо баясгасан бөхчүүдийн нэрсийг хүргэж байна. 

АРХАНГАЙ АЙМАГ

Архангай аймгийн наадамд 256 бөх зодоглов. Наадамд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн заан Л.Жамбал түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ. Үзүүрт Архангай аймгийн Тариат сумын харьяат, аймгийн нэмэх начин Г.Болдгэрэл үлдэж, аймгийн заан цол хүртсэн байна. 

БУЛГАН АЙМАГ

Булганы наадамд хүчит 256 бөх зодоглож, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн харцага, жүдо бөхийн ОУХМ Х.Цогтгэрэл түрүүлж, аймгийн арслан болов. Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн, цолоо баталсан бол их шөвөгт Д.Батням, О.Мөнх-Ирээдүй нар шалгарчээ.

ЗАВХАН АЙМАГ

Аймгийн наадамд 256 бөх барилдаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн начин Н.Мөнхтогтох түрүүлж, аймгийн арслан цол, Завхан аймгийн Ургамал сумын харьяат, аймгийн харцага П.Өсөхбаатар үзүүрлэж, аймгийн заан цол хүртжээ. П.Өсөхбаатар чөлөөт бөхийн ОУХМ цолтой. 

ГОВЬСҮМБЭР АЙМАГ

2014 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, спортын мастер Энхтөрийн Мөнхбаатар аймгийнхаа баяр наадамд түрүүлж, арслан болжээ.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

Өвөрхангай аймгийн баяр наадамд 256 бөх зодоглож, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн харцага Б.Цэдэнсодном түрүүлж, аймгийн арслан болжээ. Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, аймгийн заан М.Даваасүрэн үзүүрлэжээ.

СЭЛЭНГЭ АЙМАГ

Аймгийн баяр наадамд хүчит 256 бөх зодоглож, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат Э.Саранбаатар түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ.

ТӨВ АЙМАГ

Төв аймгийн баяр наадамд Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан Л.Цээсүрэн түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ. Аймгийн харцага Г.Өсөхбаяр үзүүрлэн, цол нэмсэн байна. Дархан аварга А.Сүхбатын хүү С.Хангай Төв аймгийн наадамд улсын начин Ч.Баянмөнхөөр тав давж, аймгийн начин цол хүртжээ.

ХЭНТИЙ АЙМАГ

Хэнтий аймгийн наадамд 256 бөх зодоглож, залуу бөх Одхүүгийн Цэцэнцэнгэл найм даван түрүүлж, аймгийн арслан болжээ. 18-хан насандаа аймгийн арслан цол хүртсэн Цэцэнцэнгэл улсын начин Б.Одхүүгийн хүү ажээ. Наадмын үзүүрт цэргийн начин Г.Бадрах үзүүрлэж, аймгийн заан цол хүртжээ.

ХОВД АЙМАГ

Ховд аймгийн наадамд хүчит 256 бөх зодоглож, Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн харцага Ц.Адьяа түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ. Наадамд аймгийн начин Г.Ариунболд үзүүрлэж, аймгийн заан болов.

УВС АЙМАГ

Увсын наадамд 256 бөх зодоглож, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн харцага Н.Хүрэлсүх түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ. Аймгийн харцага Т.Хайдав үзүүрлэж, аймгийн заан цолд хүрчээ.