-“ХАДГАЛАМЖ” БАНКНЫ Ц.ЧИМЭДЦЭРЭН НАР АЙЛЫН ГЭРТ МӨРИЙТЭЙ ТОГЛОЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ-

Цагдаагийнхан мөрийтэй тоглодог хоёр ч бүлэглэлийг илрүүлэн шалгаж байгаа билээ. “Хадгаламж” банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн болон н.Батдэлгэр, н.Эрдэнэболд, н.Найдан, Д.Бат нарыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хүннү хороолол”-ын ойролцоо айлын гэрт тоглож байхад нь илрүүлсэн байна. Харин  Монголын уламж­лалын нэгдсэн намын дарга Б.Батболд, Пан Азийн аварга, боксчин Д.Лхагва,”Elegance” зочид буудлын эзэн З.Нямгэрэл болон Ж.Мягмаржаргал, н.Мандах нарын тав хүн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт мөрийтэй тоглож байгаад хуулийнханд баригдсан юм. Тэд тус дүүргийн нутаг дэвсгэрт орших “Барселона” боксын клубт тоглож байх үед нь цагдаагийнхан үйлдэл дээр нь илрүүлсэн ажээ.

Энэ клуб нь боксын сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, спортын клуб юм. Болсон явдлын талаар тодруулахаар тус клубт очлоо. Дасгалжуулагч Н.Мөнхсай­ханаас мөрийтэй тоглосон гэх хэр­гийн талаар тодруулсан юм.

-Танай клубт хүмүүс мөрийтэй тоглож байгаад баригджээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Цагдаагийн байгууллага ирээд манай клубыг хаасан. Уг нь мөрийтэй тоглож байсан хонгил нь манайхаас тусдаа шүү дээ.

-Клуб, мөрийтэй тоглоом тог­лодог хонгил нь үргэлж л юм байна шүү дээ?

-Тийм. Гэхдээ мөрийтэй тог­лосон асуудлыг бий сайн мэдэхгүй юм байна.

Дасгалжуулагчийн өрөөний голд  ногоон дэвсгэртэй том ширээ байх ажээ. Энэ ширээн дээр эр­хмүүд сууж, мөрийтэй тог­лоом тоглодог болов уу гэдэг хар төрж байлаа. Дасгалжуулагч Н.Мөнхсайхан болсон явдлын дараа “Барселона” клубын үйл ажиллагааг түр зогсоосон ч одоо хэвийн ажиллаж байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Хүүхдүүд энд боксоор хичээллэхийн хажуугаар томчууд мөрийтэй тоглодог бай­жээ. Бүх зүйл илэрсний дараа мөрийтэй тоглоом тог­лодог хууль бус үйлдэл бүрэн байхгүй болсон гэж клубынхэн тайлбарлалаа. “Барселона” клубыг  Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт боксчин Н.Баярсайхан үүсгэн байгуулсан юм. Гавьяат тамирчин маань өөрөө клубынхээ захирлаар нь ажилладаг. Тэрбээр 1992 оны Барселоны Олимпод боксын 60 килограммын жинд хүрэл медаль хүртэж байсан юм. Иймд тэрбээр клубээ ингэж нэрлэжээ. “Барселона” клубын үйл ажиллагааг түүний төрсөн дүү Н.Мөнхсайхан удирдан явуулдаг гэнэ. Пан Азийн аварга, боксчин Д.Лхагва нь энэ клубээр зочлонгоо мөрийтэй тоглож явдаг нэгэн бололтой юм. 

Дээрх боксын клубт мөрийтэй тоглож байсан эрхмүүдийг Сүх­баатар дүүр­гийн цагдаагийн хэлтэс байцааж эхэлсэн ч, хараахан эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр татаагүй гэдэг мэдээллийг цаг­даагийн байгууллага өглөө. Хэрэв хуулиар хориглосон мөрийтэй тог­лоом тоглосон гэж үзвэл Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажээ. Харин Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, айлын гэрт мөрийтэй тоглосон “Хадгаламж”-ийн Ц.Чимэдцэрэн нарт дээрх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөрийтэй тоглосон гэх хэрэгт нийт арваад хүн холбогдон шалгагдаж байгаа юм байна.

 

Т.Амартүвшин