УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат УИХ-ын чуулган завсарласантай холбогдуулан тойрогтоо ажиллаж байна. Хөдөө орон нутагт нэн тулгамдсан асуудал бол түргэний машин, хэвтэн эмчлүүлэх зориулалтын ор байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өөрийн сонгогдсон тойрог буюу Архангай аймгийн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хотонт, Хашаат суманд тус бүр эмнэлгийн зориулалттай иж бүрэн ор, шүүгээний хамт хүлээлгэн өгчээ. Мөн Хайрхан, Өлзийт суманд түргэний автомашиныг гардуулан өгсөн байна.

Энэ зун дээрх найман суманд нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байна. Тодруулбал, Эрдэнэмандал суманд 150 хүүхдийн цэцэрлэг шинээр барих ажлыг эхлүүлж, шавыг нь тавьжээ. Мөн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн хатуу хучилттай авто замын Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын нээлтийг хийж, ажлыг эхлүүлсэн байна. Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн их засварын ажлыг эхлүүлжээ. Мөн Цэцэрлэг сумын Соёлын төвийг шинээр барих ажлыг эхлүүлж, Батцэнгэл сумын дунд сургуулийн их засварын ажлыг эхлүүлээд байна.