Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дуганы горхи” буюу сумын төвөөс хойд зүгт 25 км-т өчигдөр гарсан ойн түймрийг бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн байна.

Түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын арван алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 26 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж маргааш өдрийн 21:10 цагт цурманд оруулсан байна.

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” буюу сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т аянганаас үүссэн түймрийг онцгойгийнхон цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл  тосгоны “Тайлч” буюу сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т гарсан түймрийг цурманд оруулаад байгаа ажээ.