Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр өдөр үргэлжилж өчигдөр орой шийдвэр гаргалаа.  Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нарийн бүрэлдэхүүнтэй Нийслэлийн Прокурорын газраас Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан боллоо. Шүүх хуралдаанаас  Г.Шийлэгдамбад 5.1 жилийн хорих ял оноолоо. Тодруулбал 

Хээл хахууль авсан Ганхуягийн Шийлэгдамбад 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 1сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 
Гомбосүрэнгийн Ганчимэгт 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Монгол Улсын эрүүгийн хуулийн 268 дугаар сарын 268,1 дэх хэсэгт зааснаар Төрийн захиргааны албан тушаалд ажиллах эрхийг 1 жилийн хугацаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгийн торгох ял, 

Хээл хахууль өгсөн Осорын Даваасүрэнд:2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 
Энхээгийн Гантулгад 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэлээ.

Хэргийг эргэн сануулахад, 2015 оны 11-р сарын 04-ны өдрийн 22:00 цагийн орчим Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан билээ. Улмаар МАХН-ын генесек асан Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн 268.2 буюу бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар шалгаж прокурорт хэргийг шилжүүлсэн юм. Эрүүгийн хуулийн 268.2 буюу бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангид “хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.