Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 2016 оны УИХ-ын сонгуулиар эрх баригч намын сонгуулийн штабыг ахлан ажилласан. Үүнийхээ дараа тэрээр Монгол Улсаас Их Британи Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон явсан билээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан тоот хүргүүлсэн ч саналаас татгалзсан. Харин  Монгол Улсаас Их Британи улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад харилцааны яаманд хүргүүлжээ. Тодруулбал,  өнгөрсөн сарын 22-ны өдөр “Албан тушаалаасаа чөлөөлөгдөх эсэх асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлт өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд хүргэгдэн иржээ. Энэхүү хүсэлтийг холбогдох хуулийн дагуу Засгийн газрын хуралдаанаар оруулж, зохих шийдвэрийг гаргах юм байна.