Өдгөөгөөс хэдэн жилийн өмнө Сулинхээрийн отрядын төвийг нүүлгэн шилжүүлж, отрядын төвийн дор байх цагаан алтыг ухна гэсэн яриа гардаг байв. Энэ тухайд нутгийн иргэд ч дургуйцсэн яриа өрнүүлж, хилийн албаныхан ч таагүй ханддаг байв.

Харин олон жилийн өмнө яригдаж байсан энэ асуудал биелэлээ нэгэнт олж, Сулинхээрийн отрядын төв өдгөө Хатанбулаг сумын дэргэд нүүн очсон. Харин бүхэл бүтэн хилийн албаны отрядыг нүүлгэн газар доорхи алтыг нь ухах гэж байгаа эрхэм бол сумогийн ертөнцөд Монгол Улсаас анхлан хөл тавьж байсан Д.Батбаяр гэх хардлага тэнүүчилж эхэллээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол саяхан Д.Батбаяр гадна дотны хүмүүстэй нисдэг тэргээр Сулинхээрийн хязгаарт зочлоод буцжээ. Сулинхээрийн хязгаар бол хилийн бүс нутаг, улсын бодлогоор газрыг нь товлож байгуулсан отряд юм. Гэтэл УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр Сулинхээрийн отрядын байсан газрыг ухахаар болсон гэдэг яриа үнэний ортой дог. Хатанбулаг сумын нутагт алтны төлөөх дайн дэгдэж хүний амь хүртэл эрсдэж, улсын хамгаалалтад авч байсан нь саяхан.

            Сулинхээрийн отрядыг нүүлгэх тухай Засгийн газрын хоёр, УИХ-ын нэг тогтоол гарсан дагуу Хил хамгаалах Ерөнхий газраас Төрийн өмчийн хороонд удаа дараа хүсэлт гаргасан дагуу нүүлгэн шилжүүлсэн билээ. Улсын төсвөөс 2.2 тэрбум төгрөг зарж байж энэхүү хилийн отрядыг нүүлгэн шилжүүлсэн билээ. Тухайн үед энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэхдээ “Чухам энэ отрядыг яагаад нүүлгэх болсон” тухай яриа дэгдэхэд “Отрядын дор байдаг цагаан алтыг ухах гэсэн хэрэг биш, энэхүү отрядад байнга л хүн амины хэрэг гардаг учраас нүүлгэн шилжүүлэхээр болсон” гэж байсан бол нөгөө талаас “Сулинхээрийн отрядын төвийг Хатанбулаг сумын төвд нүүлгэн суурьшуулах нь сум орон нутгийн хөгжилд хэрэгтэй, аль аль талдаа ахуй хангамж сайжирна” хэмээж байсан.

            Ийнхүү өнгөрөгч 2016 оны 11 дүгээр сард Хил хамгаалах хуулийг хэлэлцэж байх үеэр энэхүү асуудал дэгдээд өнгөрсөн. Үүнээс иргэд ойлгохдоо улсаас хил хязгаарын отрядад санаа зовнин ахуй хангамжийг нь бодохдоо нүүлгэсэн байна, мөнхүү хүн амины хэрэг гараад байхаар нь газрыг нь сольжээ хэмээн сүсэглэн бодсон байх. Харин гэтэл өнөөдөр “Сумо” Д.Батбаяр уг газарт анхаарал хандуулан нисдэг тэргээр хүрэлцэн очиж байгаагийн цаана ямар асуудал байна вэ. Магадгүй, “Сумо” Д.Батбаяр алт ухахаар ч шийдсэн юм билүү хэн мэдлээ.

Х.Баатар

Шуурхай.мн