ЦЕГазрын Эрүүгийн Цагдаагийн Албанаас, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХНамаас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг тус тус зөрчсөн тухай

• Монгол Ардын Хувьсгалт Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо,

• Хөдөлмөрийн Үндэсний Нам,

• Орон Нутгын Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг,

• иргэн Б.Баасанжаргал нараас гаргасан, гомдол, мэдээллийг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн захиргааны зөрчлийн материалыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингэс 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017.08.07-ны өдрийн 16.00 цагт шүүх хурал товлон зарлаж, зөрчилд холбогдогч С.Ганбаатарт мэдэгдэхэд “Завхан аймаг руу өмгөөлөгчийн хамтаар ажлаар явж байна, 2017.08.14-ний өдөр Улаанбаатар хотод очно” гэж тайлбар гаргасан байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд зааснаар зөрчилд шийтгэл ногдуулах тухай саналыг шүүх хүлээн авч ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд Зөрчилд холбогдогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй. 2017.08.07-ны 16.00 цагт товлон зарласан шүүх хуралдаанд гомдол гаргагч болон зөрчилд холбогдогч нар хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, хуулийн хугацаанд буюу 2017.08.09-ний өдрийн 16.00 цагт дахин товлон зарлаж, шүүх хуралдаанаар зөрчлийг хэргийг хянан шийдвэрлэж 2017.08.09-ний өдрийн

1485 дугаар Шийтгэвэрт: Зөрчилд холбогдогч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8 , 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.