“Халаас”-ны өрөө гэх энэхүү нэршил жил бүрийн намар хот суурин газар бараадан их, дээд сургуульд дээд боловсрол эзэмших гэсэн оюутан залуусын эрэлт, хэрэгцээнээс үүдэлтэй гэж хэлж болно. Хөдөө орон нутгаас ирсэн зарим оюутнууд хотод ах дүү, хамаатан садангүй аль эсвэл сургуулийнхаа дотуур байранд орж чадаагүйн улмаас гадаа хонох нь шахуу явсан цаг саяхан.

Тиймээс ч сүйхээтэй нэг нь хоёр давхар хүн хоноход тохиромжтой олон жижиг өрөөтэй байшин бариад түүнийгээ оюутан залууст хөлслөх болов. Зарим нэг нь хажуу өрөөгөө мөн л оюутан залууст хөлслүүлдэг жишиг аль хэдийнэ тогтсон.

Харин энэ жишиг сүүлийн үед буруу тийш эргэж байна. Зарим нь хэт мөнгөнд улайрч хүн амьдрахад хэцүүхэн өрөөг сарын 100-350 мянган төгрөгөөр хөлслүүлдгийг хүн бүр мэдэх биз. Чийгтэй, будаг нь халзарсан, хүйтэн, ариун цэврийн өрөө болон худаг  нь гадна  талдаа байрладаг гээд тоочоод байвал олон зүйл бий.

Зарим нийтийн байрны эзэд тог, хогны мөнгийг хүртэл тусад нь бодож авдаг. Их хотод зам дагуу байрлал сайтай нийтийн байр олж авна гэдэг тун хэцүү. Оллоо гэхэд оюутан хүнд арай л ахадсан тэнгэрт хадсан үнэтэй. Учир нь энэ бүх ачаалал эцэг, эхийн нуруун дээр хүндхэн буух нь бий. Энэ бүхнээс оюутнууд яагаад заавал өндөр үнэтэй нийтийн байр, хажуу өрөө хөлслөх болов гэдэг асуудал гарч ирнэ.

Магадгүй үүнийг хүн бүр хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Нөгөө л оюутны дотуур байр хүрэлцдэггүй гэх асуудал урган гарч ирнэ. Жил бүр олон мянган элсэлт авдаг томоохон сургуулийн оюутнууд ч “Халаасны өрөө” хөлслөгчдийн эгнээнд нэгдсэн байх нь энгийн үзэгдэл болжээ. Их, дээд сургуулиуд нийт элсэгчдийнхээ 70-80 хувийг дотуур байраар хангах нь дэлхийн жишиг гэлтэй.

 

үргэлжлэлийг эндээс