“Хурд” хамтлагийн гишүүд мэдээлэл хийж, өөрсдийн санаачлагчаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, попынхон нэгдэж, “Бид эх орондоо хайртай” оддын хамтарсан тоглолтыг ирэх есдүгээр сарын 02-ны 18:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах талаараа ярилаа.

Энэ үеэр “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр "Онцгой байдлынхандаа туслах, эх орныхоо төлөө хувь нэмэр оруулах зорилготой энэхүү тоглолтыг хийхийн тулд нэлээд цаг хугацаа зарцууллаа. Энэ жил гал түймрээс болж маш их хохирол амссан.

Энэхүү хохирлыг нөхөх, Онцгой байдлын хамт олондоо туслах нэг арга бол ая дуугаа өргөх явдал юм байна гэсэн үүднээс уран бүтээлчдээ уриалан энэхүү тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тиймээс иргэд, үзэгч сонсогчдоо хүрэлцэн ирэхийг урьж байна. Бид энэхүү арга хэмжээг энх цагийн дуудлага гэж бодож байна. Төв цэнгэлдэхэд хамтдаа эх орныхоо төлөө нэг үдшийг дуулж хуурдан өнгөрөөцгөөе. Энэ намрын хамгийн том тоглолт энэ байх болно гэдгийг нэмж хэлье" гэв.

Тус хамтлагийн соло гитарчин Д.Отгонбаяр "Тоглолтыг маш олон хүн дэмжин ажиллаж байгаа. Тухайлбал хувь хүн, албан байгууллагууд, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийнхэн энэ тоглолтыг зохион байгуулахад хувь нэмэр оруулж байгааг хэлмээр байна" гэлээ.

“Хурд” хамтлагийнхан “Бид эх орондоо хайртай” оддын хамтарсан тоглолтыг нийслэлээс ч дэмжин ажиллаж байгааг дуулгав.

Тухайлбал, тоглолтын хөгжим техник хэрэгсэл, тайз гэх мэт зүйлсийг бүрэн хангаж өгчээ. Тус хамтлагийнхан тоглолтын бүх орлогоо нээлттэй зарлаж, ОБЕГ-т хандивлахаа мэдэгдэв. Тоглолтын тасалбарыг 10,000 төгрөг бөгөөд ticket.mn, 1900-1800 утсаар худалдаалж эхэлжээ.