Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан “ТОМ ТӨРӨӨС УХААЛАГ ТӨР РҮҮ” Үндэсний зөвлөлдөх уулзалтын шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үйл ажиллагааг сайжруулах, албан хаагчдын сахилга хариуцлага, мэдлэг ур чадварыг дээшлүүлэн шинжлэх ухаан мэдээлэл, технологийн цахим тогтолцоог нэвтрүүлэх замаар иргэдэд шуурхай, хүртээмжтэй, чирэгдэлгүй үйлчлэх, төсөв хөрөнгө хэмнэх боломж нөхцөлийг судлан санал боловсруулах, биелэлтийг зохион байгуулах үүрэг бүхий 10 хүний бүрэлдэхүүнтэй “Ажлын хэсэг”-ийг ШШГЕГ-ын даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар байгуулан ажиллуулж эхлээд байна.

ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ахлуулсан уг ажлын хэсэг нь Үндэсний зөвлөлдөх уулзалтын шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг ШШГЕГ-ын харьяа хорих анги, алба, нэгжийн бие бүрэлдэхүүний санал, бодлыг нээлттэйгээр сонсон өргөнөөр тусган боловсруулж, ШШГЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах юм.

Түүнчлэн ШШГЕГ-ын даргын шийдвэрээр зөвлөлдөх уулзалтад Ерөнхийлөгчийн тавьсан илтгэлийн бичлэгийг хотын бүсийн Хорих анги, албадын дарга нар болон ШШГЕГ-ын нийт бие бүрэлдэхүүнд 11 дүгээр сарын 19-ний өдөр бүрэн эхээр нь үзүүлсэн бөгөөд орон нутгийн алслагдсан анги албадын дарга нарт  бичлэгийг DVD хэлбэрээр хувилан хүргүүлээд байна.