УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай ярилцлаа.


-Та юу хийж байна вэ. Ойрд хэвлэлийнхэн тантай уулзаагүй байх?

-Юу ч хийхгүй байгаа. Өөрийнхөө дур зоргоор байна. Кофе уугаад, аятайхан газар байвал хоол идчихнэ. Гадагшаа заримдаа явчихна. Гэр бүл ойр орчиндоо анхаарал тавьж байна. Юу дуртайгаа л хийж амьдарч байна даа.

-Бизнес хийж байна уу?

-Манай бизнес юу хийж байгаа нь товч тодорхой. Уул уурхай энэ тэр байхгүй. Би компанийнхаа өдөр тутамд оролцоод байдаггүй. Байгаа юмандаа сэтгэл хангалуун болж л байна. Саяхан 20 жилийн өмнө өөрийнхөө барьсан таван давхар байшингаараа орлоо. 1998 онд Монголд өөрийн хөрөнгөөр байшин барьчихдаг хүн байхгүй байлаа шүү дээ. Улс төрд орохоосоо өмнө хамгийн том бизнесийг хийж байсан байна. Би одоогийн энэ яриад байдаг оффшор данстай байвал байхаар баян хүн. Надад гэхдээ тийм данс байхгүй. Бодвол мөнгө нь илүүдсэн, бас нуух шаардлагатай хүмүүст оффшор данс хэрэг болдог байх.

-УИХ-ын сонгуулийн өмнө “Ард түмнээ хайрлая” нэртэй нам байгуулж сонгуульд оролцсон. Танай нам нийт хичнээн гишүүнтэй вэ?

-Идэвхтэй үйл ажиллагаа явуулсан зүйл алга. Сонгууль болохоор намуудын хийгээд хүмүүсийн улс төрийн идэвх илтэд сэргэдэг. Тухайн үед яах вэ гэдгээ харзная.

-Өнгөрсөн хавар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө та АН-д орох хүсэлтээ илэрхийлэхэд таныг аваагүй гэсэн яриа бий?

-Намайг авахгүй гэж хэлсэн. Уг нь би АН-д ороод намын даргад өрсөлдчих санаатай очсон юм. Таны асуудлыг жич шийдье, намын удирдлагууд хуралдана гэж хэлчихээд дараа нь утсаар "АН таныг авахгүй" гэж хэлсэн. Надад бол хаалттай юм билээ.

-Та АН-д нийт хэдэн удаа орж, гарсан байдаг билээ?

-АН-д намайг буцаад ор гэж хэлж байгаад оруулж байсан. Би 2005 онд намаас гараад 2008 онд эргээд ор гэсэн хүсэлтийн дагуу орж байсан. Орсон гарсныг маань үүгээр ойлгочихож болно байх.

-УИХ-д 65 суудалтай МАН Засгийн газраа сая огцруулчихлаа. Та улс төрийн халуун энэ сэдвийг анхаарав уу?

-Болох ёстой юм болдгоороо л боллоо. Анхнаасаа ялсан намын Ерөнхий сайд Засгийн тэргүүн болох байсан. Тэгээд өөрийнхөө талын хүмүүсийг тавьчихсан. Тэнд мэдлэг, боловсрол, туршлага огт байгаагүй. Магадгүй хэн намдаа хэдэн тэрбум төгрөг өгсөн нь сайд болсон биз. Хотын хэмжээнд 60 тэрбум төгрөг гэсэн юм чинь улсын хэмжээнд хичнээн тэрбум төгрөг босгосон юм бүү мэд. Бодвол мөнгө босгосон хүмүүс нь албан тушаал авсан биз дээ. Анхнаасаа ийм байдлаар боссон Засгийн газар нэг их удахгүй л дээ. Энэ Засгийн газрын үйл ажиллагаа, нэр хүнд асар муу байсан. Засгийн газрын нэр хүнд нь ард түмний дөнгөж 19 хувийг хамарч байсан. Ард түмний 80 хувь нь энэ Засгийн газрын үйл ажиллагаанд дургүй байлаа. Нэр хүнд нь навс уначихсан байхад ч огцрохгүй гээд сандал ширээтэйгээ зууралдацгаасан. Уг нь намаараа яриад дундаа шийдвэр гаргаад явчихсан бол нэг нь огцрохгүй гэж гүрийгээд нөгөө нь огцруулна гэж хоорондоо байлдан булайгаа дэлгэхгүй байсан байх. Гадны улс оронд Засгийн газраа огцруулах нь гарч л байдаг зүйл. Соёлтой улс оронд бол өргөдлөө сайн дураараа өгөөд огцордог л байхгүй юу.

-Засгийн газар огцорсны сөрөг талыг та юу гэх вэ?

-Засгийн газар огцорсноор улс төр тогтворгүй болдог ч юм биш. Гол нь Засгийн газраа огцруулчихаад өнөөдөр долоо хоночихоод байхад таг болчихож болохгүй. Шинэ Засгийн газраа яаралтай эмхлэн байгуулах хугацаа болчихлоо. Аливаа зүйл тэргүүнээсээ буюу толгойноосоо удирдагддаг. Засгийн газрын тэргүүн нь хэрэгжүүлэх бодлогоо яаралтай гаргаж танилцуулаад ажилдаа шууд орох ёстой. Ер нь лидер удирдагчийн мэдлэг, туршлага, сэтгэлтэй их холбоотой. Төрийн ажил удаашрах, царцахыг чинь харин төрийн тогтворгүй байдал гэж нэрлэнэ. Шийдвэрээ гаргаж чадахгүйгээс болж энэ хугацаанд төрийн ажил зогсдог.

-Одоо Засгийн газар яаж ажиллах ёстой юм бэ?

-Гарч ирсэн лидер бодлогоо тодорхойлдог. АНУ-д Дональд Трамп гарч ирээд тэр хүний бодлого АНУ-ын бодлого болоод явж байна. Манай монголчуудын яриад байдаг төрийн залгамж халаа гэсэн зүйл тэнд огт байдаггүй. Бодлого гэдэг чинь лидерээр дамждаг. Манай Монголд өнгөрсөн хугацаанд даанч олигтой лидер төрөн гарсангүй. Ойроос нь яривал С.Баярын Засгийн газар таван төгөлдөршил гээд л ярьсан. Ямар үр дүн гарсныг нь мэдэхгүй. Н.Алтанхуягийн Засгийн газар шинэчлэл гээд л ярьсан. Ч.Сайханбилэгийн шийдлийн Засгийн газар эдийн засаг яриад л байсан. Сая мэргэжлийн засаг гарсан. Нүдэнд харагдах ямар үр дүн гарав. Улс төрийн лидерүүд бодлогоо тодорхойлж чадаагүйгээс гараас нь гардаг ажил гэж байдаггүй. Яг сэтгэлд нь толгойд нь хөгжлийн гарц, гаргалгаа байгаагүй л байхгүй юу.

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад таны хэлээд байгаа лидерийн манлайлал байв уу?

-Анхнаасаа Ж.Эрдэнэбат өөрийгөө Ерөнхий сайдад бодож, бэлтгээгүй хүн. Аймгийн Засаг дарга байсан, УИХ-д нэг удаа сонгогдсон, Сангийн сайд байж үзсэн хүн. Ерөнхий сайд болонгуутаа энэ хүн юу хийхээ мэдэхгүй балмагдсан. Хүний захиалгаар хэдэн сайд цуглуулаад өөрийнхөө компаниа удирдаад байгаа ч юм шиг нэг аймаг удирдан авч яваа юм шиг ажил хийх гэж оролдсон. Тэр нь тэгээд яаж бүтэхэв дээ. Ажилгүйдэл, ядууралтай эдийн засгийн хүчгүй байгаа улс орныг авч явна гэдэг чинь гарцаа олчихсон, мэдлэг чадвартай хүмүүсийн хийдэг ажил. Маш их мэдлэг, мэдээлэл, судалгаа, мэдрэмж, олон жилийн улс төрийн туршлага шаардагдана. Үгүйдээ дэлхий ертөнцөд юу болж байна вэ гэдгийг анзаардаг, эдийн засгийн бодлогыг нь мэдэрдэг, бусад улс орны туршлага, алдаа оноог дуулсан хүн Монгол орныг авч явна. Юу ч үзэж харж мэдээгүй, сонсоогүй, судлаагүй хүн бол ямар ч шийдвэр гаргаж чадахгүй. Зөв зам гарцаа олж чадахгүй. Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбат жулдсан. Ч.Сайханбилэг жулдсан. Н.Алтанхуяг ч мөн адил. С.Баяр ч гэсэн бүгд жулдсан.

-Жулдаагүй Ерөнхий сайд гэж байна уу?

-Байхгүй ээ.

-Одоо МАН-ын 65 гишүүн дотроос Засгийн тэргүүнээ сонгох байх. Энэ дотроос Ерөнхий сайд хийчих мэдлэг, чадвартай хүн харагдаж байна уу?

-Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг нарыг би улс төрийн маш их туршлагатай гэж боддог. Харамсалтай нь нийгэм, эдийн засгийн мэдлэг чадвартай хүмүүс биш. Энэ 65 хүнээс Ерөнхий сайд хийчихээр аавын хүү ээжийн охин харагдахгүй л байгаа даа. Үнэндээ манай улс төрийн хууччуул хоцрогдлын туйл шүү дээ. Тэд нарт улс төрийн туршлага байгаа нь байгаа л байх. Гэхдээ нийгэм, эдийн засгийн тухайд А үсэг ч байхгүй хүмүүс. Ерөнхий сайд хийх хүн бол Монголын хамгийн номер нэг улстөрч байх ёстой. Яагаад гэвэл энэ хүнд улс эх орныхоо төлөө ажиллах бүх эрх мэдэл нь ирдэг. Томилгоогоо хийнэ. Багаа бүрдүүлнэ. Хийх ажлаараа ард түмэн, өөрийнхөө намын хийгээд сөрөг хүчнээ уриалан дуудах ёстой. Манайд үнэндээ манлайлал дутаад байна.

-МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдод итгэл хүлээлгэж болох уу?

-Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн дүн тавьчихлаа. Засгийн газрыг унагаж өөрийнх нь нам нь бас дүнгээ тавьчихлаа.

-АН-аас Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсон. УИХ, засагт МАН дийлэнх байгаа үед Ерөнхийлөгчөөс хүлээлт хэр их бий вэ?

-Сонгогдсон хүн амласан зүйлээ хийх ёстой. Амлалтаа хэрэгжүүлэхээр явах байлгүй. Манай улсын Ерөнхийлөгчид мөнгөний эрх мэдэл анхнаасаа байдаггүй. Аливаа бүтээн байгуулалт, ажил хөрөнгө оруулалтгүйгээр явдаггүй. Эцсийн дүндээ бүх зүйлийг мөнгөөр хийдэг. Мөнгөний эрх мэдэлгүй Ерөнхийлөгч яг үнэндээ юу хийх юм бэ. Тэр тусмаа УИХ-д МАН олонх байгаа цагт АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчөөс хүлээлт бага юм даа.

-Энэ Засгийн газрын гол хийсэн ажлыг Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт орсон гэж хэлж болно. Энэ хөтөлбөрт орсноор ямар үр дүнг хүлээж болох вэ?

-Зээл тусламж авахын тулд энэ хөтөлбөрт орлоо. Зээл тусламж горьдохоосоо өмнө байгаа зүйлээ хэмнэж, концесс нэрэн дор хувааж идэж буй бялуу зэрэг үргүй зарж байгаагаа эхлээд багасгах хэрэгтэй. АН-ын Засгийн газар муу ажиллаж, өрөнд оруулчихсан. Бид өрнөөс гарахын тулд энэ нөхдүүдээс гуйж олон улсын хөтөлбөрт хамрагдсан гэдэг тайлбар гутамшигтай. Энэ чинь л Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байгааг харуулна. Ардын намын чадваргүйг харуулна. Ажил хийх боловсон хүчин, бодлого гаргаж буй нам юу ч хийж чадахгүй байгаагийн илэрхийлэл. Чадахгүй учраас бүдэрсэн.

-Манай улсын өнөөгийн нөхцөл байдал ямар байна. Ойрын үед хямралтай гэдгээс өөр мэдээ дуулдахаа байлаа?

-Монгол орон капитализмын зам руу явж байгаа. Хөрөнгөтний нийгмийн том сул тал нь баян нь улам баяжиж, том нь жижгээ залгидаг. Дэлхийн томоохон улс орнуудад ч ялгаагүй хэдэн корпорациуд нь бүгдийг залгидаг. Тэгээд нийт ард түмэн нь ядуурдаг. Капитализмын энэ гаж нөлөө Монголд маш тод гарч ирсэн. Одоо Монголын зах зээл хэдэн том корпораци, олигархи бүлэглэлд эзлэгдсэн. Ажилчин, малчин ардын гэр бүлээс төрж байгаа хүүхдэд дээшээ гарах боломж бололцоо бараг хаагдчихсан гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр дэлхийн 200 гаруй улс орон дотроо хүчтэй нь бусдыгаа залгидаг. Хүчтэй гэж юуг хэлж байна вэ гэхээр мөнгөтэй, ноухау патент, лизензтэйг нь хэлж байна. Нэгэнт түрүүлээд хөгжсөн улс орны араас хэзээ ч гүйцэхгүй. Капитализмын хатуу ширүүн тэмцэлд улс орондоо ч тэр олон улсын хүрээнд ч тэр Монгол ялагдчихсан улс. Энэ янзаараа бол бид хэзээ нэгэн цагт томорно, Азийн бар болно гэж горьдоод ч нэмэргүй.

-Бид ямар замаар явбал зүйтэй юм бэ?

-Бид барууны сонгодог капитализмыг дуурайж болохгүй юм. Монгол өөрийн гэсэн бодлоготой байх ёстой. Тэр тусмаа Монгол улс цөөн хүн амтай өвөрмөц онцлогтой. Өөрийн гэсэн арга замаар улс орноо удирдан жолоодоод аваад явах бололцоотой. Бид нийгмээрээ нийтээрээ аятай амьдрахын тулд зөвхөн баячуудаа тэтгэсэн тогтолцоогоо халах хэрэгтэй. Шинэ хүмүүсийг, шинэ компаниудыг, ядуусыг тэтгэсэн нийгмийн бодлого руу явах ёстой.

-Та цаашид улс төрд хэр идэвхтэй байх вэ. Таны ярьж байгаа хөгжлийн бодлогыг ямар арга замаар хэрэгжүүлэх боломжтой вэ?

-Сая сүүлд болсон сонгуулиас хойш би сэтгэл гонсойж, гомдох ч гэх юмуу улс төрөөс холдъё гэж бодсон тал бий. Гэхдээ улс төрөөс тэтгэвэрт гарчихъя гэхээр арай залуудаад байх юм. Хоёрдугаарт би бол их биеэ тоосон хүн л дээ. Нэлээн бардам хүн. Миний уншсан, судалсан, сурсан мэдлэг, туршлага, миний бодож явдаг сэтгэл зүрх минь улс төрөөс яг гарчихъя гэхээр наанаа байж бай гэж хэлээд байдаг. Би дотроо зөрчилдөөд явж байна. Нэг талаасаа монгол түмэнд чиний хэрэгцээ байхгүй юм байна. Чамайг бол авч хэлэлцэхгүй юм байна. Ийм байхад энэ хүмүүсийн төлөө чи явах хэрэггүй юм байна гэж бодогдсон. Тэгээд ч би ямар заавал төлөх ёстой өртэй биш. Нөгөө талаасаа жулдаж байгаа, сэтгэхгүй байгаа, ард түмнээр тоглож байгаа нөхдүүдийг харахаар арай ч дээ гэж бодогдох юм. Яг үнэндээ энэний оронд би байсан бол алаад өгөх байсан даа гэж хүртэл бодогдох юм. Цаг нь болохоор зам нь тодорно гэдэг Герман ардын зүйр үг байдаг. Зам минь хэрвээ тодрохгүй бол цаг нь болоогүй юм байна даа гэж бодоод явж байя.

БАНЗРАГЧИЙН ДОЛЗОДМАА