“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Улаанбаатар дахь салбарын хамгаалагчид хүний амь насанд хүрсэн хэрэг гарлаа.

Энэ хэрэг 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 12 цагийн үед, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харъяа Улаанбаатар төлөөлөгчийн газрын хашаанд болжээ. Хэрэг гардаг өдөр иргэн Д.Д  “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харъяа Улаанбаатар төлөөлөгчийн газраас хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Улмаар харуулын дарга Ж.Э үүрэг өгсний дагуу О.Б хулгай хийсэн Д.Д-ийг сагсны шийтний шонгийн төмөртэй хоёр гарыг нь ард нь холбож гавлан, юүдэнтэй цамцны малгайнаас нь нохойны оосроос холбож сагсны шийтний кольцооноос дээш татаж уян амьсгалын замын бүтэлтэд оруулан амь насанд нь хүрчээ.  

Тиймээс “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харуулын ажилтнуудад Эрүүгийн хуулийн /хуучин/ 091.1. - Хүнийг санаатай алах, 109.3. - Хүнийг хууль бусаар хорих зүйл ангиар шалгаж эхэлсэн. Улмаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хоёр удаа хэлэлцсэн. Хэргийг давж заалдах шатны шүүхээр өнгөрсөн сарын 321-ны өдөр хэлэлцээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Тэгвэл энэ хэргийг үйлдсэн этгээдүүд нь 1990-1972 онд төрсөн Монгол улсын иргэн юм. Тодруулбал,

О.Б  нь 1990 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын хамгаалалтын албанд харуулаар ажиллаж байсан, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, ял шийтгэлгүй.

Ж.Э 1972 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Чойр сүмбэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын хамгаалалтын албанд ээлжийн ахлагчаар ажиллаж байсан, ам бүл 1, ял шийтгэлгүй.

Хэрэг гардаг өдөр харуулын ажилтан О.Б нь даргынхаа тушаалыг биелүүлсэн гэдгээ хүлээсэн байдаг. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 7.000.000 төгрөг өгсөн байна. Түүний хувьд гав, тусгай хэрэгсэл хэрэглэх талаар ямар нэгэн сургалтад хамрагдаагүй болох нь нотлогдсон аж.

Өөрөөр хэлбэл харуул хамгаалалтын ажилчид ядаж гав, тусгай хэрэгслийн хичээлд суудаггүй, ажилдаа хариуцлагагүй ханддаг нь эндээс харагдаж байгаа юм. Хэрвээ тухайн өдөр ээлжинд гарсан харуулын ажилчид ажилдаа хариуцлагатай хандсан бол  өнөөдөр нэг хүн нас барахгүй гэдгийг хохирогчийн  ар гэрийнхэн шүүх хуралд ярьсан байдаг.

Ямартай ч өнгөрсөн онд гарсан хэргийг жил дамнуулан анхан болон давж заалдах шатны шүүхээр хоёр удаа хэлэлцээд байна. Удахгүй анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх болно.  Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.  

А.Баярмаа