Бөхийн төрлүүдийн цэргийн ДАШТ Литвын Клайпеда хотод үргэлжилж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр 2014 онд тус тэмцээнд мөнгөн медаль хүртсэн тэрбээр чөлөөт бөхийн төрөлд цэргийн ДАШТ-д түрүүлсэн Монголын зургаа дахь тамирчин болов.

Он гарснаас хойш насанд хүрэгчдийн УАШТ, оюутны УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гранпри, ДАШТ-д түрүүлээд байсан П.Орхон найм дахь алтан медалиа Литвын дэвжээнээс хүртлээ. 

П.Орхон цэргийн ДАШТ-д түрүүлсэн ч энэ жил анхны ялагдлаа амссан юм. Түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд П.Орхон хоёрдугаар тойрогт 2014, 2016 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Жиа Липинд оноогоор ялагдсан ч Беларусь, АНУ, Украины бөхчүүдийг цэвэр ялснаар аваргалах болзлоо биелүүлсэн юм. 

Энэ өдөр барилдсан манай бусад бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 58 кг-д спортын мастер Нансалмаагийн Лхагвадулам, 60 кг-д спортын мастер Пүрэвхүүгийн Шинэхүү нар хүрэл медаль хүртжээ. Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д спортын мастер Бат-Эрдэнийн Бямбадорж хагас шигшээд ДАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Хетик Цаболовт, хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга, оюутны дэлхийн хошой аварга Ираны Реза Афзали нарт ялагдснаар тавдугаар байрт орсон байна.

Манай бөхчүүдээс өнөөдөр эмэгтэйчүүдийн 69 кг-д Пүрэвжавын Сүрэн, маргааш 75 кг-д Пүрвээгийн Номин-Эрдэнэ нар барилдана.

Б.Орхон

www.olloo.mn