Өнөөдөр НИТХ-ын XI  хуралдаан болж байна. Хуралдаанаар Ц.Сандуй ажлаа өгөх өргөдөл өгсөнтэй холбоотойгоор үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Чуулганы хуралдаанаар  Ц.Сандуй эвийг эрхэмлэж ажлаа өгч байгаагаа хэлсэн юм.

Үүний дараа НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. НИТХ-ын даргад НИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Д.Баярсайханы нэрийг дэвшүүллээ. Харин заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн.

Хуралдааны үеэр МАХН-аас нэр дэвшиж НИТХ-ын  төлөөлөгч болсон Жагар зургаан ширхэг оймс шидэж “сахилгагүйтсэн”.

Асуудлыг хэлэлцэж байхад АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авав. Завсарлагын дараанаас хуралдааныг үргэлжлүүлсэн юм. Хуралдаанаар таван хүний бүрэлдэхүүнтэйгээр тооллогын комиссыг томилсон.

Улмаар Д.Баярсайхан,  С.Амарсайханы хэнийг нь НИТХ-ын дарга болгоход санал хураасан юм. Санал хураалт нууцаар явагдсан. Санал хураалтад НИТХ-ын 44 төлөөлөгч оролцсноос 17 нь С.Амарсайханд,  17 нь Д.Баярсайханд өгсөн байна.  Мөн 10 санал хүчингүйд тооцогджээ.