О.Магнай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар очмогцоо тус байгууллагын хөдөлгөөнд оруулж, Монголын монополь компаниудыг сандаргаж байв. Үнэхээр шударга бус байдал нийгэмд хад чулуу шиг оршин тогтнож байсныг О.Магнай илчилж, олон нийтээс тэр хэмжээгээрээ өндөр үнэлгээ авч байлаа.

Шийдвэрлэж, үр дүнг үзсэн асуудал цөөн хэдий ч иргэд шударга бус байдлын эсрэг зогсох зүрх, зориг, итгэл үнэмшилтэй болсон давуу тал бий. Тиймээс иргэд, олон нийт О.Магнайг албан тушаалаа хүлээлгэн өгөхөд нь баяр хүргэж, талархал илэрхийлж байлаа. 

Тэгвэл О.Магнай шиг "бужигнуулж” мэдэх хүнийг Г.Баасан гэж нэрлэж, бичих боллоо. Тэрээр саяхан Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргаар томилогдсон. Энэ зөвлөл нь АТГ-ын үйл ажиллагаанд хяналт тавьдаг гэж ойлгож болно.

Тэрээр ажилдаа ормогцоо төмөр замд шургалсан гэмт хэрэгнүүдийг илрүүлж, хулгайн хэргээр ял эдэлж байсан нөхөр АТГ-т ажилладаг болохыг тогтоож, дэд сайд гэх эрхэмийн эрх ямбын талаар мэдээлэл хийв. Үүний уршигаар нэр дурдагдсан эрхмүүд Г.Баасанг муулж, гоочилж эхлэв. Энэ асуудал ингээд л дуусчихгүй нь ойлгомжтой. Мөн Г.Баасанг тэмцэгч нэгэн гэдгийг Монголчууд сайн мэднэ. Тэрээр үүрэгт ажлаа л хийж байгаа. Гэхдээ л биднээс нууж байсан энэ олон асуудлыг ил болгож өгсөн Г.Баасан эгчдээ баярлалаа.