Өнөөдөр (2017.10.13) 16.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд Японы алдартай гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан гаргаж буй гэрэл зурагчны үзэсгэлэн 2017 оны аравдугаар сарын 13-22-ныг хүртэл үргэлжлэх юм.

Үзэсгэлэнд түүний 1983-1992 онд авч байсан түүхэн зургууд дэлгэгджээ. Тухайлбал, монголчуудын социализмаас ардчилал руу орсон 25 жилийн хугацаанд эрх чөлөөг эдэлсэн иргэдийн ахуй амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах бүтээлүүд тавигдаж байна. Тодруулбал, Үндэсний соёл амралтын хүрээлэнд бэлчиж буй буганууд, авто машины түгжрэлгүй зам, хоосон шахам дэлгүүрийн тавиурууд гээд тухайн цаг үеийнхний ой санамжид дурсамж болон үлдсэн шилжилтийн үеийн бодит дүр зургууд багтаж байгаа юм.