. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилох эсэх тухай асуудлыг хэлэлцээд 88,1 хувийн саналаар түүнийг батламжиллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Төрийн өмчийн компанийн үр ашгийг хэрхэн дээшлүүлэх гэж байна вэ. ЗГХЭГ-т тэтгэврийн насанд хүрсэн хэдэн хүн ажиллаж байна вэ. Тэтгэврийн насны хүмүүсээ гавьяаных нь амралтад суулгах уу” гэсэн асуудлыг тодруулсан. Нэр дэвшигч Г.Занданшатар, “Төрийн өмчийн компанийн үр ашгийг дээшлүүлэх ёстой гэсэн таны саналтай санал нэг байна. Ер нь бүх түвшинд үр ашиггүй зардлыг танаж ажиллах болно. Төрийн албанд мэргэшсэн хүнийг ажиллуулсаар байх болно. Төрийн алба тогтвортой мэргэшсэн байх нь чухал. Шинэ залуу боловсон хүчин томилох нэрээр төрийн албыг бужигнуулж болохгүй” хэмээн хариулсан. Үүний дараа гишүүд холбогдох саналаа хэлсэн юм. Тухайлбал:

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: -Занданшатар гишүүнийг дэмжиж байна. Орон нутгийн хөгжлийн асуудал дээр онцгой анхаараарай. Улаанбаатарын төвлөрлийг бууруулах, орон нутгийг жигд хөгжүүлэхэд анхаармаар байна. Сүүлийн үед орон нутгийн хөгжлийн санд хуваарилах мөнгө буурсныг анхааралдаа аваарай. Орон нутгийн төр захиргаа байгууллагууд байр сав муутай, тоног төхөөрөмж тааруу байгаа шүү. Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд мөн анхаараарай. 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Оффшорын эсрэг хуулийн хүрээнд аль улсыг хамруулах, эс хамрах жагсаалтыг гаргасан. Гэтэл Валютын сангийн шаардлагыг хангаагүй буюу уг жагсаалтад огт оруулах шаардлагагүй улс орнуудыг оруулсан хэрнээ оруулвал зохих улс орнуудыг багтаасан байна. Та үүнийг шалгаад шаардлагатай арга хэмжээ авч өгөөрэй.

 

УИХ-ын гишүүн Л.Болд: -Олон бяр ярьдгаа болих хэрэгтэй. Давхар дээл өмсөнө, давхар дээлтэй байхад яадаг юм гэсэнтэй адил сонсогдож байна. Хөөгжилтэй орнуудын парламентыг харьцуулж яриад байна. Тэнд чинь 600-700 гишүүнтэй парламент ажиллаж байгаа юм. Түүний оронд 3 сая хүн амтай хэрнээ манайх шиг парламенттай улсуудын жишгийг харж ярих хэрэгтэй. Одоо чуулганы хуралдаанд хэн суух болж байна. Ингэснээр цөөн хүн хууль батлах болж байна. Засаг томилогдсоноор УИХ ямар ч ач холбогдолгүй болно. УИХ-ыг Засгийн газрын хууль батлах тасаг болгож байна шүү. 

 

УИХ-ын гишүүн Б.Амарзаяа: -Орон нутгийн төсвийн байгууллагуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Баг, сумын ЗДТГ-ыг үндсэндээ хаячихсан байгаа шүү. Эдгээр байгууллагын хөрөнгө санхүүг бэхжүүлэх хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -НӨАТ-ын тухай хууль гарсан. Энэ хуулинд тодорхой зохицуулалт оруулах шаардлагатай. Энэ ажилд онцгой анхаараарай. Зөвхөн аймгийн төвийн гэлтгүй сумын төвүүдийн хилийн цэсийг анхаармаар болсон цаг ирсэн байна лээ. Бэлчээр газар нутгийн асуудалд анхаараарай. Мөн Хэнтий аймгаас гарсан гишүүд Хэнтий аймгийг Улаанбаатарын дараагийн түүхэн аялал жуулчлалын бүс болгох Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ хүрээнд хийх ажлуудыг эрчимжүүлээрэй. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Ерөнхий сайд үхэхээс айхгүй гэсэн. Гэхдээ огцрохоос айгаад ийм Засгийн газрын бүрэлдэхүүнийг оруулж ирж байна. Та гол гол ажлуудаа хийж, зоригтой ажиллах хэрэгтэй шүү. Одоо 15 сайдууд дотроос УИХ-ын гишүүнээсээ татгалзах боломж бас бий шүү гэдгийг дуулгая хэмээж байв.

 

Товч намтар

 

Төгссөн сургууль, мэргэжил

 

1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль

1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч

2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

 

Ажилласан байдал

 

1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш

1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,

1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн

2000-2003 онд ХААН Банк Дэд захирал

2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2012 онд Гадаад харилцааны сайд

2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: Монцамэ агентлаг