Хэн бүхэнд танил энэ зургийг Америкийн зурагчин, фото сэтгүүлч Стив Маккари 1984 онд Афган-Пакистаны хил дээрх дүрвэгсдийн лагерьт авсан юм байна. Хичээлийн байранд сууж байсан ер бусын нүдтэй афган охин дайны тухай материал цуглуулж явсан зурагчны анхаарлыг өөрийн эрхгүй татжээ. Төрөлх тосгоныг нь дайрах үед охины эцэг эх алагдаж, эмээ нь ач нараа аван зугтсаар 2 долоо хоног уул даван мацсаны эцэст лагерьт хүрч ирсэн тухай багш нь ярьж өгчээ. Бяцхан охины сэтгэл шимшрэм түүхийг сонсож зургийг нь авсан сэтгүүлч энэ зураг хожим нь ийм их алдартай болно гэж огтхон ч төсөөлсөнгүй. Ихэд яарч байсан тэрээр охины нэрийг асуухаа ч мартсан юм байжээ.Энэ зураг 1985 оны 6 сард “National Geographic” сэтгүүлийн нүүрэнд тавигдсан цагаас эхлэн сэтгүүлийн түүхэнд олны анхаарлыг хамгийн ихээр татсан зураг болжээ. Стив Маккари олон жилийн турш өдөр бүр охины цаашдын хувь заяаг сонирхсон уншигчдын захиа, утасны дуудлага хоёрт дарагдаж байсан гэнэ. Сэтгэл хөдөлсөн уншигчид охинд материаллаг тусламж үзүүлэх, зарим нь үрчилж авахыг хүсч байлаа. Тэр ч байтугай эхнэрээ болгон авахыг хүссэн эрчүүд ч гарчээ. Энэ зураг дэлхий дахины дүрвэгсдийн асуудлын бэлгэдэл болон хувирчээ. Хүнд хэцүү амьдралыг туулсан, хурц харцтай охины хөргийг хэдэн зуун зураач давтан зурахыг оролдож байв.Охины нэр ус 17 жилийн турш нууц байлаа. Түүний цаашдын тавилан хэрхэн эргэснийг мэдэх гэж Стив Маккари ихээхэн чармайлт гаргасныг хэлэх хэрэгтэй. 2001 онд Афганистанд талибанчуудыг түлхэн унагасны дараа л зохих хэмжээгээр эрэл хайгуул хийх боломжтой болжээ. “National Geographic” сэтгүүл Маккаригаар толгойлуулсан хайгуулын бүхэл бүтэн баг илгээсний эцэст зургийн эзнийг олжээ. Түүнийг Шарбат Гула гэдэг бөгөөд энэ үед 30 орчим настай болсон байлаа.Тэрээр мэдээж, дэлхий дахинд алдартай нэгэн болсноо огт мэдээгүй байсан боловч, зураг авахуулсан учралыг огт мартаагүй санаж байжээ. Бүсгүй 1992 онд л эх нутагтаа эргэж ирсэн бөгөөд нөхөрт гарч 3 охинтой болжээ. Өөрөө сургуульд сурах боломжгүй байсан тул охидоо л сайн боловсролтой болоосой хэмээн хүсдэг гэнэ. Шарбат нөхрийнхөө зөвшөөрлөөр гивлүүрээ авч дахин хэдэн зураг авахуулсан байна.