Уянга ухаарлын олон дууг зүрх сэтгэлээсээ дуулж, орчин үндэсний уламжлалт өнгө төрхийг  өөрийн дуу хөгжим, гадаад төрхөөрөө нэгэн зэрэг илтгэн харуулж чаддаг дуучин бол Дээгий юм. “Номин талст” хамтлагийнхаа буурийг сахиад үлдсэн дуучин Т.Дэлгэрмөрөн ганцаараа дуулсан ч хаана ч газардахгүй “Тэнгэрийн амьтан” гэдгээ дуулсан дуугаараа баталж чадсан.

“Дууг дуулна гэдэг амар биш. Хэдийгээр том хоолойтой ч гэсэн донжийг нь олж дуулахгүй бол хүний чихэнд хэзээ ч хүрэхгүй. Хүний сэтгэлийн утсыг хөндөж, маш нарийн нугалаа гарган сэтгэл зүрхнээсээ дуулж байж ард түмэнд хүрнэ” гэж МУ-ын Ардын жүжигчин А.Долгор хэлсэн байдаг.

Тэгвэл дуу дуулснаараа өөртөө ч, өрөөлд ч жаргал өгч чаддаг тэрээр 10 жил хүлээсэн бие даасан тоглолтоо ирэх сарын 16,17-нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Тоглолтонд “Наян булгийн аялгуу”, “Тэнгэрийн бүсгүй”, “Уулзах л юмсан даа чамтайгаа”, “Хайрын дээд хань минь”, “Ааваа дуулъя”, “Андгай” зэрэг дуунууд дуулагдах болно.

Гэхдээ одоогоор тоглолт нэргүй бөгөөд Дээгий би ард түмнээсээ асууж, нэр хайрлуулна гэж хүсч байна. Мэдээж надад таалагдсан тоглолтын нэр хайрласан эрхмийг ТОМ шагнана гэж амлаж байна.

Дээгийгийн тоглолт болох 11-р сарын 16,17, түүний амьдралд их утга учиртай өдөр. Дэлгэрмөрөнгийн төрсөн өдөр, бяцхан охин Зөөлөнсийгийн төрсөн өдөр. Энэ сайхан хийморьтой газар төрсөн өдрөөрөө олон жил хүлээсэн тоглолтоо хийнэ гэдэг хувь тохиол гэж Дээгий ихэд бэлгэшээж байна аа.