1991 оны 08-р сард хоригдлуудын хоолны нормыг хасаж өдрийн ганцхан хоолтой болгов. Ингээд их өлсгөлөнд нэрвэгдсэн хоригдлууд шил дараалан нас эцэслэж, хянагч нар тэдний цогцсыг аваачин булахчаа аяддаг байжээ. 
Засаг нормын талхнаас нь ч журамлахаа мартсангүй. Хоригдлуудын сэтгэл маш ихээр цочирдож байтал Засгийн газрын "Хоригдол таван зардлаа өөрөө даана" гэсэн тогтоол гарсан нь хоригдлуудыг шууд үхэл рүү түлхсэнтэй адил зүйл болсон юм. 
Ганцхан жилийн ялтай хоригдол Мааньтад очоод хүн амины хэрэгтэн мэт нас барж "цаазлуулдаг" байлаа. Хорих ангиуд үхлийн архив болчихсон энэ хэцүү цаг үед нэг жилийн хорих ялтай нэгэн хоригдол ар гэрийнхэндээ хандаж "Би зургаахан сарын дараа хүнээр өргүүлчихсэн хэлхээтэй араг яс болоод та нар дээрээ очиход битгий гайхаарай. Шоронд орсон хүн амьд явах ямар ч баталгаагүй болчихдог юм байна. Энд хоригдож буй хоригдлууд турж үхэх тавилангаа хүлээж байдаг" гэж бичсэн захиа сонинд нийтлэгдсэн нь сенсааци тарьж байв.

1996 оны 01-р сарын 05-нд Авдрантын хорих 403-р ангийн гяндангаас онц аюултай гэмт хэрэгтэн "Онгорхой" хочит Чулуунбаатар болон 25 жилийн хорих ялтай Лхагвасүрэн, Төртогтох нар нь зургаан хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөгөөд оргож ард түмний сэтгэл санааг хирдхийлгэсэн билээ. Улс орныг цочроосон энэ аймшигт үйлдэл нь ерөнхий сайд асан П.Жасрайн сонорт хүрснээр асуудал хурцдаж, ШШБЕГ-ын дээд удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилсөн юм. Эрүүгийн цагдаагийн газрын даргын албыг хашиж байсан хурандаа Л.Гарамжилд генерал цол олгож, ШШБЕГ-ын даргаар тохоон томилсон бөгөөд хорих ял эдлүүлэх газрын даргаар Л.Санжаасүрэнг ажиллуулахаар болов.
Ийнхүү олон мянган хоригдол зуданд уруудаж байгаа мал шиг хиарч байсан үед энэ хоёр эрхэм дөрөө харшуулснаараа их өлсгөлөнг хохирол багатайгаар туулах үүд хаалга нээгдсэн юм. Тэр хоёр хорих ангиудаар сард хоёр удаа зочилж асуудлыг газар дээр нь шийддэг байлаа. Л.Гарамжил, Л.Санжаасүрэн хоёр хоригдлуудын эргэлтийг чөлөөтэй болгож, хоолонд нь ихээхэн анхаарч, хоолны амт чанар муу байгаа хорих ангиуд дээр гэнэтийн шалгалт хийж албан хаагчидтай хариуцлага тооцохоор үл барам "Та нар хоригдлуудыг хүн талаас л хар. Хүн ямар хоол идэх ёстой, ямар байранд ажиллаж амьдрах ёстойг л шийд. Та нар төрийн цээрлэл хүлээсэн ялтныг дахин яллаж болохгүй" гэдэг байв. Зарим нэг хорихын даргад нохой ч тоож долоохгүй, өмхийрсөн адууны гэдсээр хийсэн бантанг хүртэл амсахыг санал болгодог байлаа. Хүнд хэцүү цаг үед, хүлээлт өлсгөлөн дунд эрхээ хасуулан яваа хоригдлууд үхлийн архив болсон шоронгоос амьд мэнд гарахад тусалсан Л.Гарамжил, Л.Санжаасүрэн нарыг муу хэлэх нь бүү хэл "Загалмайлсан эцэг" хэмээн дээдэлж, Засанд ийм хүмүүс төртлөө "Зуун жил" гэцгээдэг байжээ.
Харин нэр алдарт дуртай, буруу сэтгэлгээтэй, хар бодолтой зарим нэгэн явуургүй дарга нар хорих байгууллагын дотоод асуудлыг шинэчилж, ажилдаа амжилт гаргасан Л.Гарамжил, Л.Санжаасүрэн хоёрт ихэд атаархаж ажлаас нь зайлуулаад зогсохгүй шоронд хорих хүртэлх операци зохион байгуулсан билээ.
Юу гэвээс С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баригдаж хилсээр хэлмэгдэн тарчлан зовсон Дамирангийн Энхбатыг Л.Санжаасүрэн "Энэ хүн гэмт хэрэг үйлдээгүй ээ. Та нар гэм буруугүй хүнийг хэлмэгдүүлж байна" гэж шударга ёсыг эрхэмлэж өмгөөлснийхөө төлөө нэг жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлж шоронд хоригдож, өмгөөлөх эрхээ хүртэл хасуулж өөрөө хэлмэгдсэн юм.
Эрх мэдэлтнүүд Л.Санжаасүрэнг шоронд хориод зогсохгүй амийг нь хороохоор зэхэж байжээ. Л.Санжаасүрэнг мөрдөнд цагдан хоригдохоор очиход нь тусгайлан өрөө бэлдэж тагнуулын ажилтан хоёр залууг гэмт хэрэгтэн мэтээр зүсийг нь хувиргаад оруулчихсан байсан гэдэг. Хурандаа Л.Санжаасүрэн тагнуулын ерөнхий газрын дарга байсан учраас энэ бүгдийг гадарлан "Би энэ залуустай хэзээ ч хамт хоригдохгүй. Та нарын намайг устгах гэсэн бохир заваан үйлдлийг сайн мэдэж байна. Намайг эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолт энэ байна" гэж тэмцэл явуулсныхаа хүчинд алуурчдын өрөөнд оролгүй амьд үлдэж чадсан аж.
Эл буянтай хүнийг шоронд ороход хоригдол бүхэн өнгөтэй өөдтэйгээ сарвайж, сэтгэл санааг нь өргөх гэж дуу шүлэг хүртэл зориулан бичиж байсан гэдэг.
2012 онд Хуульзүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин Л.Санжаасүрэнгийн өмгөөлөх эрхийг сэргээсэн юм. 
2013 онд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-өөр өмгөөлөгч Л.Санжаасүрэн өөрийг нь болоод түүний үйлчлүүлэгч Д.Энхбатыг хэрхэн хэлмэгдүүлж, хохироож байсныг дэлгэрэнгүй, баримттайгаар өгүүлсэн ил захидлыг бичиж илгээснийг хүргэж байна.

Ашиг сонирхол, хэлмэгдүүлэлт

Дүгнэх биш, баримтад тулгуурлан болсон үйл явдлын шалтгаант холбоо, хэлхээс учиг тайлах гэж л оролдлоо. Түүнээс хэн нэгнийг адлах, гүтгэх санаа огт өвөрлөөгүй. Хэсэг бүлэглэл нь төр засгийн эрхийг хууль бусаар авах санаа, хүсэл, сэдэлт, төлөвлөлт, гүйцэтгэлээс л хэлмэгдүүлэлт эхэлдэг гэх түүх олон улсад нэн элбэг. Монголд ч гарч байсан. Улс төрийн хэлмэгдүүлэлт нь хуульд үл нийцсэн хэсэг бүлгийн нуугдмал явцуу ашиг сонирхлын толь нь байх. Тухайлбал, 2003 онд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт нь “зорилго нь аргаа зөвтгөх” зарчим баримталсан ч түүхийн хар толбо болж үлдсэн.

Монгол төрд үүссэн ээдрээт нөхцөл байдлыг явцуу ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх арга болгосон хэлмэгдлийн зорилго нь ердөө л УИХ-ын ээлжит 2004 оны сонгуульд МАХН-ыг л ялуулах туйлын хүсэл байв. Өнгөц харахад нам хүчний зорилго мэт боловч ачир дээрээ “зорилго нь аргаа зөвтгөх” нөгөөг л МАХН-ын эрх мэдэлтний хийж хэвшсэн хуршмал хэлмэгдүүлэлт байв. Арга нь захиргаадалт. Шударга сонгууль, иргэдийн шударга сонголтоор биш, гагцхүү сөрөг хүчнийхээ удирдлагыг оргүй гүжирдэж сөхрүүлэх атгаг санаа, явцуу ашиг сонирхол. Эхлэл нь, даргагүй нам УИХ-ын сонгуульд яаж оролцдогийг харна хэмээсэн МАХН-ын нэг удирдлага, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдэгдэл нь нуугдмал олон сэдэлт үйлийг илчлэхэд тус болдог юмаа. Ингээд л сөрөг намын даргын төөргийг төгсгөж, хойтохыг нь уншихаар эрх баригчид шавдуулсан мэт ойлгогддог.

Ор хоосон зайд зохиол тэрлээгүй мэт. Нийгэмд тархсан нэг ноцтой “мэдээлэл”-ээр нийгмийн тархийг тун ч адтай угааж, том барьцтай болгосон ч, булавч бултайх үлгэр болсон. Зохиомж бодол сэдэлтэд, итгэсэн, зоригжсон, мөн айсан, цэрвэлт, болгоомжлол гэх олон өнгө давхцал нь уг операцид оролцсон субьект нэг бүрийн үйлдлээс илт харагдана.

Ойлгоход дөхөмлөж, би ажиллагааг “Франц-операци” гэе. 1998-10-2 нд С.Зориг алагдаж “бүгд” гашуудав. Алуурчинг олох гэсэн хардлагат арван там нийгэмд буцалж байлаа. Ардчилсан холбооны дарга М.Энхсайхан.. нарыг л С.Зоригийг алсан гэсэн мэдэгдэл нь “франц-операци” зохиомжийн өрөг болсон мэт. Гэхдээ, уг мэдэгдэл үнэн эсэх нь одоо болтол бүрхэг. Харамсалтай нь мэдээлсэн сонссон хоёр ч өнөө болтол амаа хамхиж, хоёулаа таг чиг. Нийгэм хүлээсээр. Энэ хүлээлт “франц-операци” үйлд улс төрийн шалтаг, хөрс нь болсон гэхэд гайхах хэрэггүй ээ. Ингээд л МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр нь УИХ-ын ээлжит 2004 оны сонгуульд МАХН заавал ялах “зохиомж” тэрлэсэн магадлал асар өндөр. Холбоос нь ардчилагч өнөөхийн унагасан “М.Энхсайхан л .... .. гэсэн үг, мөн “С.Зориг” хэрэг илрээгүй, бас тагнуулчид онилсон цагаач Д.Энхбат Францад эмчлүүлж байсан, энэ гурвалыг өрж “чулуу” болгох зохиомж хийгджээ. Автор нь ганц Н.Энхбаяр биш бас ч ганцаар гүйцэтгээгүй нь тун ойлгомжтой. Төр засгийн бүх эрх мэдлийг атгаж байсан түүнд хуульд үл нийцсэн зорилго хэрэгжүүлэхэд нь оролцуулах, ашиглах, туслуулах, мөн золигт гаргахад “бэлэн”, шан харамж, албан тушаалд шунагч горидогчдын цуваа байсан. Үйлдлээс нь харвал уг ажилд наад зах нь 20-иод хүн оролцсон байх. Хамгийн сонирхолтой нь ганцхан Б.Хурц л бүхнийг хийсэн мэтээр гэнэт “илэрч” дэлхий төдийгүй, Монголыг шуугуулж, Францыг “уяруулж”, англи, германы хилэнг бадраав.. Гайхалтай нь, үйлдэгсэд бас л Монголд төдийгүй, дэлхийд нуугдаж чадсан, чамгүй л шагнал, урамшил хүртэж, амар түвшин аж төрж байгаа болов уу. Олон өнгийн тусгалд залхсан Б.Хурцын үг гэх “би тайван амьдармаар байна” гэсэн нь нэгийг бодогдуулах биз ээ. Б.Хурц хэзээ “үүцээ” задлах нь бас л нийгэм дэх хүлээлт...

Бараг л, Монголын төр засгийн бүх хүчний бүтэц нь “зохиомжоор үүрэгжиж” гүйцэтгэсэн операци бол Франц, Бельги, Герман улс дамнасан, олон улсын хооронд байгуулсан конвенци, факт, гэрээ хэлцэл болон Монгол Улсын олон хууль зөрчив. Монголын төр засгийг “сайн эр” болгосонгүй, харин ч олон улсад нэр нүүрийг нь барлаа. Ингэж л Монгол гэсэн нэрийг сэвтээсэн нүгэлд Н.Энхбаяр холбогдох уу, үгүй юу.

Соёлт ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын гэрээ, хэлцэл, конвенци ба Монгол Улсын хууль зөрчиж болохгүйг МАХН-ын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаярт хэлэх “зоригт” зөвлөхүүд тэр үед байгаагүй гэж үү. Хууль бус зүйл, үйл зөвлөх, хатгагчид Ерөнхий сайдын дэргэд байх ёсгүй.. Гэхдээ, том найркаа, албан суудал, ногоонд мансуураад хэл, хөл нь хөшигчид байхыг үгүйсгэхгүй. Бүгд л албан тушаал шүтэж, хууль тогтоомж улласан, Н.Энхбаяр хэлснийг тоть мэт давтагчид байсан гэж үү. Энгийнх нь ч дүүрч, хувийн ашиг сонирхлоо л дээдэлж гэх. Шүүх, прокурор, тагнуул, цагдааг бүхэлд төрийн хууль зөрчигчид л толгойлж байсан гэж үү. Үгүй л баймаар.

Эхлэв. “С.Зориг” хэрэг илрүүлсэн хүнийг 500 сая төгрөгөөр байлах, мөн даргагүй нам УИХ-ын сонгуульд яаж оролцохыг харна хэмээсэн МАХН-ын удирдлага, Хууль зүй дотоод хэргийн сайдын мэдэгдэл нь операци эхлэх дохио өгөв. Дохиог мэдэрсэн, ЦЕГ, ТЕГ хүлээсэн үүргээ биелүүлж, С.Зориг алагдсан хэрэг шалгах хүрээ улам хумигдаж байна, хэргийн ул мөр улам тодорлоо, хэрэг илрэх гэж байна, удахгүй хэрэг үйлдэгчийг нийтэд зарлах болно”- гэх утга бүхий мэдэгдлээ хөврүүлөв. Үүгээрээ, нийгмийн тархинд өөр бусад мэдээлэл үл шингэтэл зулга угаав. Нийгэм бүхэлдээ тагнуул цагдаагийн үгэнд хууртаж, үнэнг мэдрэх чадамжгүй болгов. Эндээс л даргагүй нам сонгуульд хэрхэн оролцохыг харах болно гэж өнөөх “шантааж” үнэн байсан нь одоо ч нотлогддог.

“Франц-операци” нь гүйцэтгэгчдийн арга барилаас болж сүйрсэн. Субьект бүрийн хуульд үл нийцсэн бусармаг болхи гүйцэтгэл мөхөл дагуулав. Гэхдээ энд анхаарах зүйлүүд бий. Тэр нь юу вэ гэвэл, “зохиомж”-д идэвхтэй оролцсон дүр эсгэсэн ч өөрийгөө илчилж, цэвэр үлдэхээр “тоглосон” бурхи ч байсан юм. Хэдийд ч ямар ч нөхцөлд, уснаас хуурай гарч чаддаг “чекистүүд” хуулиа дээдэлж, даргагүй нам УИХ-ын сонгуульд оруулж нийгмийг самрах аюулыг таслан зогсоож чадсан юм даа. Ингэж л тэд нам, ардчилалд гэхээс, илүүтэй эх орон, газар шороо,тусгаар тогтнолдоо үнэнчээ харуулсан. Тэд, хэрвээ хүсвэл нэрлэж болно.

Дооз нь хэтрэлт. Д.Энхбатын ам руу нь шингэн цутгах, АКМ-ийн бөгсөөр өвчтэй элэг рүү нь ёврох, нууц байранд хорих, өндөр сандал дээр суулган тарчлааж байцаах, хээр хөдөө аваачиж буун дуугаар айлгах, тэр дороо л архи дарсаар дайлах, нууц “ажилтан болгох” гэх мэт нь яарч, адгасан, самарсан үйлдлийг 2003 оны ТЕГ-ын соёл, боловсрол бүхий ажилтнууд сэдэж, хэрэгжүүлсэн нь үнэхээр ойлгомжгүй. 1930 онд ангит нийгмийн арга барилд сохроор шүтсэн, мэдлэг боловсролгүй ажилтны хийж байсан үйлдлүүд 2003 онд яг давтагдсан байдаг.

Энэ бол, 1990-2003 онд зүсээ хувиргаж, цаашид хэрхэхээ Н,Энхбаяр даргадаа харуулсан “онцгой мэх” гэж хэлж болохоор. Ийм тавиланг мэдрээгүй эрхтэн дархтан л өөрөө үйлээ үүрэхээс өөр гарцгүй ээ. Гэхдээ ухаант дарга маань нэгийг нь золиосолж, үлдэгсдээ чандлан нууцалж чадсан юм. Гэхдээ нууц хадгалалт хэр үргэлжлэхийг ёстой л бурхан мэдэх биз ээ.. Нөгөө талаас хилс шийтгэгдсэн өмгөөлөгч намайг цагаатгахгүй барьцаалах аргад байгаад “нуугдмал” нэгний гар оролцсоноос л би гэрчийн нэр хэлсэн үгийг задлах уу гэж урьд хэлсэн билээ.

Тагнуулын газар. Энхбатыг 2003-5-18 ны өдрийн МИАТ-ийн онгоцоор авчирч, 2003-5-19-нөөс 25-ны хооронд, ТЕГ-ын подвальд хорьсон атлаа Д.Энхбатыг Франц улсаас ТЕГ авчраагүй гэж үгээ зөрүүлсэн. Интерполийн шугамаар ЦЕГ авчирсан гэж телевизээр мэдэгдэв. Бас, Энхбат бол рецидивист гэмт хэрэгтэн гэсэн атлаа ТЕГ-ын нууц ажилтан байсан учраас Энхбат төрийн нууц задалсан гэсэн. Онц аюултай гэмт хэрэгтэн болох Д.Энхбатыг “С.Зориг” алагдсан хэрэгт шалгахаар Франц улсаас хууль ёсоор авч ирсэн. С.Зоригийг алсан хэргийг илрүүлэхэд өмгөөлөгч нь их саад болж байна. С.Зоригийн хэрэг удахгүй илэрнэ гэх гүжирдлэгээ ТЕГ нь дотоодод төдийгүй гадаадад цацсаныг нь Гадаад харилцааны яам ч дэмжив.

Зорилгодоо хүрэх гэж улайрсан ТЕГ нь Д.Энхбатыг “Чи үхэхээсээ өмнө нэг гавьяа байгуулж, хамаатан саднаа 500 сая төгрөгтэй болгооч, чи ганцхан Энхтайван л Зоригийг алах санал надад тавихад би зөвшөөрөөгүй гээд л хэлчих, цагаан шонхорыг Энхтайваны цаана ардчилсан намын дарга М.Энхсайхан ... гээ л байгаа юм, Эсвэл чи Зоригийг алсан хэргээ хүлээ гээд л Д.Энхбатыг эрүүдсэн. Энд байснаа задалж болохгүй, энэ бол улсын нууц гээд л Д.Энхбатын гарыг хүчээр цаасан дээр дарж гарын үсэг зуруулж, нууц задруулбал чамайг шууд ална гээд хөлс, ашиг шунал хорслоо шавхасныг төсөөлөх аргагүй. Цагаан шонхорын Ч.Энхтайваныг хилсдүүлсэн нь энэ “операци” эхлэл. Эртнээс бэлтгэгдсэн байж болох сэжим хөвөрнө. Операцийн эхний шат болох Ч.Энхтайваны “хэрэг” гэгчийг одоо задалж шалгавал олон нууц илэрч зарим хуульчдын “идээ бээр” гоожих эмзэг сэдэв ээ.

ТЕГ нь өмгөөлөгч Санжаасүрэн гадаадын тусгай албадтай холбоотой нь эх орноосоо урвасан гэмт хэргийн шинжгүй бол төрийн нууц задруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэсэн цааз-текстээ мэдээллийн хэрэгслээр 2004-3-24-нд цацагдав.
Яарч сандарсан ТЕГ-ын дарга нь миний өмгөөлөх эрх хасуулах “тулган” шаардах бичгээ 2003-10-31 Өмгөөлөгчдийн холбоонд хүргүүлэв.

2004-4-9нд, ТЕГ-ын дарга М.Батсайхан: Чамд л гэж хэлэхэд Энхбатыг ТЕГ нууцаар байцаасан нь үнэн. ... . Чи түүнийг нотлож чадахгүй. Чи хөлөө хүрэх газар яв. Энхбат та хоёрыг төрийн нууц задруулсан гэмт хэрэгт хоёуланг чинь шийтгэх талаар бид тохирчихсон гэлээ.

Үүнийг яаж ойлгох вэ. ТЕГ нь төрийн нүд чих байгууллага уу. Эсвэл эрхтэн дархтаны захиалга биелүүлдэг “зэвсэгт бүлэглэл” үү. Эрх баригч намын сөрөг хүчин нам холбоог намнах хэрэгсэл аппарат уу.

Цагдаагийн газар. ЦЕГ-ын ЭЦГ интерполын шугамаар, эмнэлгийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж хорих ял эдлэхээс зайлсхийсэн Энхбатыг авчирч шалгаж байна гэсэн мэдэгдэл олонтаа хийсний дараа бид авчраагүй гэж гүрийсэн. Гэтэл цагдаагийн мөрдөн байцаагч “Д.Энхбат нь эмнэлгийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж хорих ял эдлэхээс чөлөөлөгдсөн гэх талаар түүнд үүсгэсэн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгогдсон”. Харин Д.Энхбатыг С.Зоригийг алсан хэрэгт шалгаж эхэллээ гэж мэдэгдэв. ЦЕГ-ын эрх мэдэлтний ам, ажил, үйлдэл алд дэлэм зөрөв. Цагдаагийн удирдлага дарга нь мөн л өмгөөлөгч миний эрх хасуулах тулган шаардлагаа Өмгөөлөгчдийн холбоонд хүргүүлэв. 1992 оноос хойш тагнуулын өмнө өөрсдийгөө тавих мөрөөдөлт цагдаагийн дарга энэ удаад ТЕГ-ын дэглэлтээр хөдөлж байсан нь том хүний найруулга байсан гэдгийг харах цонх.

ШҮҮХ нь зохиомжид оролцох гэж алиа алдсан. Багануур дүүргийн Шүүхийн ерөнхий шүүгч, Энхбаттай холбоотой асуудал хүлээн авч болохгүй гэсэн үүрэг дээрээс өгсөн, өргөдөл хүлээж авахгүй гэсэн хэмээн өмгөөлөгчид 2003-6-23-нд мэдэгдэв. Дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн шүүгч, чи Энхбатын асуудлаар хөөцөлдөх хэрэггүй, тэгж ярих юм бол Санжаасүрэн чамд их асуудал байгаа шүү гэж 2003-8-5 нд мэдэгдлээ. Уг хэргийг прокурорын шалгалт дуусаагүй байхад Энхбатын хавтаст хэргийн материалыг бүр шүүгч Төрбат мэдэж байсан нь энэ хилс хэрэг ямар түвшинд зохион байгуулсныг нотлох нэг баримт юм л даа.

2004-11-5 нд, Шүүгч Наранцэцэгийн даргалсан Шүүх хурал дээр сууж байсан ТЕГ-ын шинжээч гэх С.Сэргэлэн нь шүүх хурлын үйл явдлыг хянаж байснаа шүүх мэтгэлцээний үеэр тагнуулч С.Сэргэгэлэн гэнэт босож давхиад шүүгчдийн ширээний өмнө очоод, нэг цаас /бичиг бололтой/ үзүүлэн, энэ баталгаанд гарын үсэг зур хэмээн “командалж” Шүүгчдээр гарын үсгээ зуруулав. Ёстой л найркаа энд болсон доо.

ПРОКУРОР-ын газрын дэргэдэх мөрдөн байцаах албаны дарга нь, цагдаа, тагнуулын нэр бүхий ажилтны хууль зөрчсөн үйлдлийг шалгахаас татгалзав. Шүүх хуралдаанд францаас Энхбатыг авчирсан асуудлыг энд ярихгүй гэж албархав. Ганцхан л төрийн нууц задруулснаа ярь гэж дарамтлав. Ямар нууц гэхээр, ТЕГ-ын нууц ажилтан Энхбатыг задруулснаа гэх нь ёстой л эрүүл ой санамжинд үл багтах хэллэг томьёолол хэрэглэж байлаа. Үүний өөдөөс юу ч гэж хариулах билээ дээ, ёстой л үг харам.

Дипломат албаны удирдлага нь хүн хулгайлах, хориход идэвхтэй оролцож, Монголын дипломатын түүхэнд хар толбо үлдээв. Францаас Энхбатыг хулгайлах, тээвэрлэх, зөөхөд дип-номер, машинаа хэрэглүүлэв. Мөн, Бельги, Герман улсад байгаа Монголын Элчин Сайдын яамыг “хүн хорих” байр болов. Франц улс нь Монгол нэг дипломатыг нутгаасаа хөөж гаргав. “Д.Энхбатыг Францаас авчирсан явдал хууль ёсны үйлдэл. “Энхбат гэж хэн юм бэ, тэр хоёр хэн ч биш” хэмээн Элчин сайд мэдэгдэж, монгол иргэдээ эрэмблэх хэмжээс тогтоов.

Монголын дипломатч Франц улсаас хөөгдсөн мэдээлийг Гадаад хэргийн яам үгүйсгэж эрс няцаав. Энэ асуудлууд нь интернетэд болсон нь өрөвдөлтэй. Бас ч зүгээр байсангүй хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр үл “бүтэх” хоёр этгээдийн талаар хоолойгоо сөөтөл том дугарав.

Өмгөөлөгч миний үйл ажлын дэмжсэн санал бодлоо илэрхийсэн захидал, зурагт хуудас, гадаадын 20 улс орны иргэд байгууллагуудаас надад хаяглаж ирүүлсэн 311 захидлыг би шоронд байхдаа хүлээж авсан. Харин Гадаад яамны чиглэлээр хэдэн орноос хэд ирснийг би мэдэхгүй.

МИАТ нь татвар төлөгчдийн хөрөнгө болох нисэх онгоцыг дэлхийд хориглосон хүн хулгайлах үйлд ашиглуулж, бас идэвхтэй оролцов. Хилийн алба нь 2003-5-18 ны өдөр МИАТ-ийн онгоцоор Энхбат Монголд ирээгүй гэж гүрийв.

Өмгөөлөгчийн холбоо нь миний эсрэг сахилгын хэрэг 2003-12-19 нд үүсгэж, ТЕГ-ын нууцыг задруулсан гэж арга хэмжээ авсан атлаа, өмгөөллийн эрх хасуулах хүсэлтээ Хууль зүй дотоод хэргийн сайдад илгээв. Өмгөөлөгч надад нэг дор хоёр ял оноож эзнийхээ санааг Өм-холбоо “амраасан” байх аа.

Операци нь, зүгээр нэг хэлмэгдүүлэлт бус, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Монгол Улсын Үндсэн Хууль, Гүйцэтгэх ажлын, Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиуд болон Хүний Эрхийн Түгээмэл тунхаглал. Бас, НҮБ-ээс гаргасан Хоригдолтой харьцах наад захын жишиг дүрмүүд. НҮБ-ын 1979-12-17 ны өдрийн 34/169 тогтоолоор батлагдсан Хууль хэрэгжүүлэх байгууллагын албан тушаалтны зан үйлийн тухай хууль. Монгол Улсаас гадаадын олон улстай байгуулсан зарим гэрээ, конвенци зөрчсөн балмад ажиллагаа байв.

Төгсгөл, үр хөврөл. Д.Энхбат, “миний бие маш муу байна. ТЕГ намайг үхүүлэхийг хүсэж байна. Та миний хэлсэн үгийг Монголын ард түмэнд заавал хүргэнэ үү. С.Зоригийг алсан хэрэгт холбогдуулах гэсэн энэ хилс хэргийг амьд давж чадахгүй нь бололтой. Хэдийгээр би муу нэр луу данстай ч, хүн алж, хүрээ талж байгаагүй. Миний үр хүүхэд, төрөл төрөгсдийн нэр төр цаашдаа ийм заваан юманд хутгалдахаас аврах ганцхан арга, хүсэлт надад үлдлээ. Энэ бол миний хэлсэн үгийн бичлэгийг та телевизээр нэвтрүүлж олон нийтэд хүргэх явдал шүү дээ. Та туслаач дээ” гэж дахин дахин /нулимс унаган/ гуйв. Үнэний төлөө амь алдсан, үнэн нулимс хатаагүй. Хэзээ нэгэн цагт эрх дархтнууд мэдрэх байх аа.

Д.Энхбат нь хуурамч бичиг баримтаар ял завшсан гэж гүтгүүлсэн ч нотлогдоогүй. Бас С.Зоригийг алах захиалга авсан гэж гүтгүүлсэн ч нотлогдоогүй. Эцэст нь ТЕГ нууц ажилтан байсан гэж гүтгүүлээд төрийн нууц задруулсан хэрэгт унаж хорих ял шийтгүүлж, удалгүй амь алдсан. Мөн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004-11-8 ны өдрийн 288 тоот шийтгэх тогтоолоор өмгөөлөгчид нэг жил зургаан сарын хорих ял оноов.

Энэ хэлмэгдүүлэлт олон улсын байгуулага төдийгүй НҮБ-ын эсэргүүцэлтэй тулгарав. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын Тусгай шалгагч Manfred NOWAK тэргүүтэй төлөөлөгчид Амгалангийн хорих ангид 2005-6-7 ны өдөр очиж Л.Санжаасүрэнтэй уулзав.

Нам дуут, сэм хөнөөгчдөд бүү ойрт.
Л.Санжаасүрэн

via~ serelt.mn