Монгол улсын иргэн Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нар  2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар- Эрээн чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 516 дугаар вагоны 5 дугаар купейнд зорчиж явахдаа хуульд заасны дагуу хориглосон бараа болох 5286.40 гр алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. 

Хэргийг хуулийн байгууллагаас хэлэлцээд шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг 2017 оны 08 сарын 24-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх,  2017 оны 10 сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн байна. 

Улмаар хилээр нэвтрүүлэхийг завдсан алтыг хурааж, Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нарыг тус бүрийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн байна. 

Тэгвэл энэ хэргийг үйлдсэн Х.Нарантунгалагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ” Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Эхнэр бид хоёр хуримтлуулсан мөнгөөрөө алт бага, багаар худалдан авсан. Тухайн үед Монгол банкинд тушаах гэхэд өндөр хувийн татвар төлдөг гэж сонсоод Эрээн хот руу худалдан борлуулахаар авч явж байгаад гаалийн шалгалтанд баригдсан. Гутлынхаа уланд хийсэн байсан. Гутлын уланд хийх санааг би гаргасан байсан юм. Улсын яллагчаас зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. 20 жил нойр хоолгүй зүтгэж, амьдралынхаа баталгаа болгож байсан зүйлээ өөрийн буруутай үйлдлээс болж маш хүнд байдалд орсондоо гэмшиж байна” гэж мэдүүлсэн байна.

Мөн энэ хэргийг үйлдсэн Н.Мөнхнасан шүүхийн хэлэлцүүлэгт  “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хилээр гаргах гэж байсан алт бол манай гэр бүлийн хэрэгцээний алт юм. Би дөрвөн хүүтэй, гэр бүл үр хүүхдүүддээ зарцуулна гэж бага багаар худалдан авсан байсан. Манай 2 хүүхэд БНХАУ-ын Эрээн хотод суралцдаг. Хүүхдүүд сургууль төгсөх, нөхрийн эмчилгээний зардал, мөн том хүү маань тусдаа гарах гээд мөнгөний хэрэгцээ их байсан юм. Ингээд цуглуулсан алтаа Эрээнд зарах санаатай авч явж байгаад баригдсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Зүйлчилсэн хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна “ гэж мэдүүлжээ. 

Иргэд алтны албан ёсны сүлжээ, Монгол банканд тушаах хэрэгтэй гэдгийг тэр бүр мэддэггүй ажээ. Уг нь Монголбанк иргэн, аж ахуй нэгжийн худалдах гэж буй алтнаас 2.5 хувь, худалдан борлуулсан орлогоос 5 хувийн татварыг суутгадаг бөгөөд иргэний үнэмлэх, аж ахуй нэгжийн гэрчилгээнээс өөр ямар нэгэн бичиг баримт шаарддаггүй болсон. Алтыг худалдан авахдаа тухайн өдрийн Лондонгийн бирж дээрх алтны ханшаар тооцон авдаг. Өөрөөр хэлбэл та эх орондоо алт тушаасан ч дэлхийн  жишиг ханшаар тушаах боломжтой гэсэн үг юм. Тиймээс мэдлэг мэдээлэлгүйн улмаас иргэд дээрх маягаар хохирч болзошгүй тул иргдэд сэрэмжлүүлж байна.